Азийн хөгжлийн банкнаас манай улсад “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” зөвлөх үйлчилгээний Техникийн туслалцааны төслийг Дани Улсын “Консиа Зөвлөхүүд” компаниас үндэсний мэргэжилтнүүдийн багтай хамтарч хэрэгжүүлж байна.
Төслийн багаас зохион байгуулж буй “Суудлын бүсээ бүсэлцгээе” төслийн хүрээнд хамгаалах бүсний хэрэглээ ач холбогдлыг үзүүлэн сурталчлах төхөөрөмжийг бүтээж, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Сургалтын Нэгдсэн төвд хүлээлгэж өглөө.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх компанит ажлын нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн яам, Замын цагдаагийн алба, Хууль сахиулахын их сургууль, Авто тээврийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн төлөөллүүд оролцлоо.
Төслийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын “Цагаан ном’, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний стратеги, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, замын хөдөлгөөний менежментийн чадавхи, хөдөлгөөний аюулгүй байдлын талаархи мэдлэг, боловсрол, ойлголтыг сайжруулах, энэ чиглэлээр зохион байгуулж байгаа компанит ажлын үр нөлөө, уялдааг сайжруулах дэмжлэг үзүүлэх юм. Мөн осол, хэргийн мэдээллийн сангийн менежментийн системийг боловсруулан, осол зөрчлийн талаархи тоон мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаархи мэдлэг олгох төрөл бүрийн гарын авлага, сургалтын материал бэлтгэх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
Эх сурвалж: ЦЕГ