Ахмад үеийнхний эрдэм ухаан, баатарлаг үйлс, бүтээн бий босгосон бүхний үнэ цэнийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, Онцгой байдлын албаны үе, үеийн хамт олон, бие бүрэлдэхүүний өнөө цагийн ололт дэвшил, сургамж, ажлын туршлага, санал сэтгэгдэл, захиас сургаалыг харилцан сонсох, энэ албанд одоо хүчин зүтгэж байгаа офицер, ахлагч, албан хаагчиддаа захиа даалгавар өгөх, албаны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах бололцоог оролцогч бүрт олгох зорилгоор Гурван үеийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил чуулга уулзалтыг “Онцгой байдлын байгууллагын залгамж чанарыг бэхжүүлье” уриан дор зохион байгуулж байна.
Гурван үеийн чуулга уулзалт өнөөдөр (2017.11.10) Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд эхэллээ.
Чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн удирдлагын судалгааны төвийн дарга, хошууч генерал П.Даш, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Ахмадын холбооны дарга, комиссар Д.Хишигбаатар нарын удирдлагууд оролцлоо.
Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын ахмадын хорооны дарга, удирдлага, дунд болон залуу үеийн төлөөлөл нийт 150 гаруй оролцогч чуулганд оролцож байна.
Онцгой байдлын албаны Гурван үеийн чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өөрийн илгээлтээ ирүүлсэн байна. Тус илгээлтэд, “Онцгой байдлын байгууллага нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомж, төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, учирч болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргээ цаг ямагт биелүүлж, улс орон, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө хүчин чармайлт, идэвх санаачилга гарган ажиллаж эдүгээ төр засаг, ард иргэдийн итгэлийг хүлээсэн улсдаа төдийгүй бүс нутаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Ахмад буурлууд нь хойч үедээ сургаал захиасаа айлдаж, арвин их баялаг туршлагаа өвлүүлэн үлдээдэг, залуус нь ахмад үеэ хайрлан хүндэтгэж, байгуулсан гавьяа, үлдээсэн өвийг нь нэр төртэй үргэлжлүүлж байдаг эргэх цагийн хэлхээ холбоо, эрт эдүгээгийн залгамж халаатай ард түмэн билээ бид.
Төрийн үйл хэргийг энэ цаг үед түшиж байгаа та бүхэн албаныхаа залгамж чанар, түүхэн уламжлалаа хадгалан 3 үеийн чуулга уулзалтыг зохион байгуулж, ахмад буурлуудынхаа ухаан төгс сургаалийг сонсож, ажил амьдралдаа хэрэгжүүлэхээр зорьж байгаад талархаж байна” гэжээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын байгууллагын салбар нэгж, техник, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадвар чадавхи жилээс жилд өргөжин хөгжиж, улс, орон ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй байгууллага болсон нь үе, үеийн удирдлага, залуу халуун нас, билиг оюун, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад үе, тэдний үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж, эзэмшсэн мэргэжил, мэдлэг оюун, ур чадвараа дайчлан ажиллаж буй дунд үе, ажиллах хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн залуу үеийн нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн үр шим юм” гэж онцоллоо.
Мөн ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл үг хэлсэн юм. Энэ үеэр ахмадууд иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах аянд нэгдсэнээ илэрхийлж, нийт ахмадуудын дунд сэтгэлийн хандиваар цугласан мөнгөн хандивыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд гардуулсан юм.
Чуулга уулзалтын үеэр “Онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага”, Онцгой байдлын байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх зарим асуудал”, “Туршлагад суурилсан манлайлал ба манлайлалд суурилсан хүний нөөцийн бодлого”, “Онцгой байдлын байгууллагын тогтолцоо, удирдлага, үйл ажиллагааны стратеги” зэрэг үндсэн болон хавсралт илтгэлүүдийг тавих юм. Мөн салбар болон нэгдсэн хуралдаануудыг зохион байгуулж, чуулганы төгсгөлд, оролцогчид Онцгой байдлын албаны үйл ажиллагааны стратеги, байгууллагын чадавх, хүний нөөцийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох чиглэлээр санал, дүгнэлтээ хэлж, нэгдсэн зөвлөмж гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.