“Qatar Airways” агаарын тээврийн компанийн нэгэн онгоц зорчигч эмэгтэйн үйлдлээс болж Энэтхэгт төлөвлөгдөөгүй буулт хийжээ. Зорчигч эмэгтэй нөхрөө араар нь тавьсныг мэдээд онгоцны хөлгийг түйвээсэн аж.
Тус онгоц Катарын Дохагаас Бали руу нислэг үйлдэж байсан гэнэ. Гэтэл түүнд сууж явсан нэгэн эмэгтэй нөхрийгөө унтаж байхад нь хурууных нь хээгээр гар утасных нь түгжээг тайлж, нөхрийнхөө өөр хүүхэнтэй бичсэн мессэжүүдийг олж уншаад бие барих чадваргүй болжээ. Ингээд багийн гишүүд агсамнаж хашхирсан эмэгтэйг тайвшруулж чадаагүй учир Ченнаид ослын буулт хийжээ.
Эмэгтэйг нөхөр, хүүхэдтэй нь буулгасны дараа онгоц Бали руу нислэгээ үргэлжлүүлсэн байна. Энэ гэр бүл Энэтхэгийн визгүй ч цагдаа, нислэгийн компанийнхан тэднийг буруутгахгүй байгаа аж.
Эх сурвалж: Hindustan Times