Хувь хүний онцлогт тааруулж сэтгэлийн шархийг эмчилдэг энэ салбар өнөөдөр манай улсад хамгийн их эрэлттэй байгаа гэхэд хилсдэхгүй. Хүн яагаад сэтгэлзүйчид хандах ёстой вэ, сэтгэлийн хямралд орсон үед ямар арга хэмжээ авах ёстой талаар сэтгэлзүйч Д.Батцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-Хүн өөрийнхөө сэтгэл санаа болон сэтгэцээ эрүүл байлгахын тулд юу хийх ёстой вэ
-Хүн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна хийх дуртай зүйлсээ өдөрт тодорхой давтамжтайгаар хийж байх ёстой. Энэ нь сэтгэл ханамжийг өгдөг. Ингэснээр хүн өөртөө итгэлтэй болдог. Ер нь хүний суурь хэрэгцээ л хамгийн чухал.
-Суурь хэрэгцээ гэдэг нь?
-Нас наснаасаа шалтгаалан хүний ухамсараас шалтгаалсан хэрэгцээ өөр өөр. Тухайлбал, 0-8 насанд хүүхдэд эхийнхээ сүүг уух хэрэгцээ зайлшгүй шаардлагатай. Хэрэв ээж нь ямар нэгэн байдлаар нас барсан, хаяж явсан бол тухайн хүүхэд энэ хэрэгцээгээ авч чадалгүй насанд хүрлээ гэхэд ирээдүйд ямар хүн болох вэ зэрэг олон асуудал байгаа. Мөн өөрийгөө хамгаалуулах, хайрлуулах зэрэг задалж яривал олон.
-Сэтгэлзүйчид хандаж байгаа иргэд маш цөөхөн байдаг. Стресс бухимдалд орсон үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нойргүйдэх, ойр ойрхон хоол идмээр санагдах, хийж байгаа бүхэн нь өөрийнх нь биш юм шиг санагдах, ажилдаа явахаас дургүй хүрээд эхэлсэн бол та аль хэдийн сэтгэлзүйчид хандах цаг нь болсон гэсэн үг. Хүн өөрөө сэтгэлийн амьтан байдаг. Манайхан аливаа асуудалд орохоор лам бөөд ханддаг. Энэ ойлголтыг ерөөсөө өөрөө өөртөө бий болгох хэрэггүй. Мэдээж хэрэг шашин номын хүч байдаг. Гэхдээ хүн гэдэг амьтан байгалиас, од гариг эрхэсээс энерги авч байдаг учраас үүгээрээ шүтлэлцэн өөрөө өөртөө итгэх итгэлийг бий болгох, энергэ нөхөж байдаг. Энергиэс гадна гэрлэн бүрхүүл маш чухал байдаг. Тиймээс та ямар зүйл бодохоос шалтгаалан танд сайн, муу зүйл тохиолдно гэсэн үг. Аль болохоор өөдрөг зүйлс бодож асуудал тохиолдсон ч асуудал талаас нь биш сайн сайхан талаас нь орлуулж бодох нь чухал.
-Сэтгэлзүйчид жилд хэдэн удаа хандах ёстой вэ. Зарим тохиолдолд огт хандахгүй байх нь зөв үү?
-Хүн өөрөө хүсвэл долоо хоногт 1-2 удаа хандах ёстой. Ингэснээр аливаа зан үйлийн доголдол, сэтгэцийн эмгэгт орохоос урьдчилан сэргийлэх юм.Хэрвээ танд сая дурдсан анхны шинж тэмдэг илрэхгүй байвал эрүүл байна гэсэн үг. Тиймээс заавал хандах ёстой гэсэн зүйл байхгүй.
-Сүүлийн үед олон нийтийг цочроосон гэмт хэргийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Гэтэл энэ нь хохирогчид хүнд тусдагийг тэр бүр хүмүүс анзаардаггүй болов уу?
-Сэтгэлзүйн гүн шарх авсан хүнд энэ нь харанхуй байшинд ямар ч өөрийг нь хараа хяналтгүй орхисон мэт. Өөрөөр харанхуй ойд ганцаараа хаягдсан юм шиг л хүнд санагддаг. Энэ мэдрэмж ямар ч хүнд маш аймшигтай байдаг.
-Мэргэжлийн бус хүмүүс буюу эцэг эх, найз нөхөд сэтгэлзүйн хохиролыг даван туулахад тусалж чадахуу?
-Сэтгэлзүйчээс манай хүүхэд ийм зан авир гаргаад байна гэж асуудаг хүмүүс байдаг. Энэ бол ухамсартай хүний шинж. Өөрөө ямар нэгэн оролдлого хийгээд чадахгүй учраас сэтэлзүйчид хандана гэдэг нь маш зөв алхам юм. Эх хүн охинтойгоо илүү дотно ярилцаж, аавууд хөвгүүдтэйгээ харилцдаг байх хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс өглөө ажилдаа яваад орой ирдэг. Ажлын долоо хоногт хүүхдэдээ цаг зав гаргадаггүй. Үүнээс болж хүүхдийн хайрлуулах, ярилцах гэх мэт хэрэгцээ дутагддаг. Найз нөхөд бол тодорхой хэмжээгээр сэтгэлзүйн туслалцаа өгдөг.
-Хүчирхийлэл үйлдэж байгаа гэмт этгээдүүд дунд эрүүл ухаантай хүн байдаг уу. Эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй учраас хүчирхийлэл үйлдээд байдаг юм болов уу?
-Нэгдүгээрт суурь хэрэгцээний ойлголт. Хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийн ихэнх нь сэтгэлзүйн гүн шархтай, түүнийгээ даамжруулсан байдаг. Энэ шархаа нөхөх гэсэн сэтгэлзүй, физиологийн өөрчлөлттэй болсон гэсэн үг. Ийм өөрчлөлттэй хүн л энэ үйлдэлийг хийж байна гэж ойлгож байгаа. Тиймээс эрүүл ухаантай, сэтгэлзүй нь тогтуун хүн хүчирхийлэл яагаад ч үйлдэхгүй.