АНУ-д сүүлийн 10 жилийн дотор хүмүүсийг үй олноор нь хоморголон устгасан аллага 20 гаруй гарчээ. Тухайлбал:
2007 онд Виржинийн их сургуульд болсон буудалцаан 33 хүнийг үхэлд хүргэсэн. Их сургуульд суралцагсдыг Өмнөд Солонгосын оюутан Чо Сын Хи гэгч буудсан билээ.
2009 оны 03 дугаар сарын 10-нд Майкл Кент Мак-Лендо Алабама мужид 10 хүнийг буудаж хороосон. 28 настай америк эр эхлээд эхийгээ хөнөөж, гэрээ шатааснаа дараа нь дэргэдүүр нь өнгөрч явсан хүмүүсийг буудсан билээ. Тэрбээр үхэхийнхээ өмнө “Аль болох олон хүний амийг авч явмаар байна” гэсэн зурвас үлдээжээ.
Цэргийн сэтгэлзүйч Нидал Хасан хамт ажиллаж байсан хүмүүсээ хороосноор карьераа дуусгасан түүхтэй. Тэрээр 2009 онд Форт-Худын цэргийн баазад 13 цэргийг буудан хөнөөж, АНУ-ын гадаад бодлогод дургүйцлээ илэрхийлсэн.
2012 онд Аврорад Бэтмений тухай шинэ цувралын нээлтийн үеэр 12 хүн амиа алдсан билээ. Жеймс Холмс гэгч этгээд цагдаагийн тусгай ажилтны дүрэмт хувцастайгаар зааланд орж ирээд хүмүүс рүү бууджээ. Алуурчин эр тасалбар худалдан авч чадаагүйдээ хорсож ийм үйлдэл хийсэн тухай нэг таамаглалд өгүүлсэн байдаг.
2013 онд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний баазын ажилтан Аарон Алексис 20 хүнийг буудсан байна. Цахилгаанчин тэрээр цэргийн объектын газар нутагт хувийн буутайгаа нэвтэрсэн байна. Уг зэвсгэн дээр тэрээр “Зовлонгийн төгсгөл”, “Энэ нь дээр” гэсэн бичиг сийлж үлдээжээ.
2015 оны зун 21 настай Дилан Руф гэгч Чарльстоны сүмийн мөргөлчид рүү халджээ. Арьс өнгөний үзлээсээ болж, есөн хүний аминд хүрсэн байна.
2015 оны 12 дугаар сард Сан-Бернардиногийн сэргээн засах төвд үйл олноор нь хөнөөх ажиллагаа болсон. Хоёр алан хядагчийн гарт 14 хүн амиа алдсан байна. Халдлагын хариуцлагыг Исламын улс алан хядах бүлэглэл хүлээжээ.
2016 оны 06 дугаар сард Орландогийн шөнийн клубт буудалцаан болсны улмаас 49 хүн амиа алдаж, 53 хүн шархаджээ. Энэ хэргийг АНУ-ын иргэн Омар Матин үйлдсэн байна. Энэ эр Сири, Иранд хийх бөмбөгдөлтөө зогсоохыг шаардаж, хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн гэнэ.
2017 оны 01 дүгээр сард Флорида мужийн Форд-Лодердейл нисэх онгоцны буудалд 5 хүн амиа алдсан юм. Цэргийн алба хаагч асан Сантьяго-Руис тээш олгох хэсэгт гал нээжээ. Үүнээс өмнө тэр эр ямар нэгэн дуу чимээ сонсож байна гэж гомдоллож байсан аж.
2017 оны 10 дугаар сарын 2-нд Лас-Вегаст нэгэн эр зочид буудлын цонхноос кантри хөгжмийн наадамд ирсэн хүмүүс рүү гал нээсэн. Үүний улмаас 58 хүн амиа алдаж, 500 орчим хүн шархадсан байна.
Тэгвэл өнөөдөр Техас мужийн Сан-Антонио хотоос холгүйхэн баптист сүмд зэвсэглэсэн этгээд гал нээж, доод тал нь 26 хүн амиа алджээ. Түүнчлэн хэдэн арван хүн шархадсан байна. Хэвлэлүүд АНУ-д болсон үйл явдлыг зэвсэгт хүчирхийллийн тахал хэмээн нэрлэж байна. Гэхдээ зэвсэг авч явахыг хязгаарласан хориглолт гарахгүй хэвээр байгаа аж.