Дэлхийн шилдэг таван эмчийн нэгээр шалгарсан УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн эх орондоо ирлээ. Дэлхийн мэс заслын байгууллагуудыг нэгтгэж зангиддаг хамгийн том байгууллага бол American College of Surgeons юм. Уг байгууллагаас жил бүр дэлхийн шилдэг таван мэс засалчийг шалгаруулдаг билээ.
Энэ жилийн хувьд 70 гаруй орны эрдэмтэн судлаачид нэр дэвшсэн бөгөөд шилдэг таван эрдэмтний нэгээр УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн шалгарч мэс заслын чиглэлээр Монгол хүн дэлхийд эн зэрэгцэж чадахуйц оюуны чадамжтайг батлан харууллаа.
Тэрээр өнөөдөр эх орондоо ирж, УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар, АШУҮИС-ийн доктор, профессор Л.Ганболд болон УНТЭ-ийн эмч мэргэжилтнүүд угтан авч, хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэхүү шагнал бол бидний хувьд Нобелийн шагнал хүртсэнтэй адил.
Энэ үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж “Манай багийн эрхэм хүмүүн маань Дэлхийн хэмжээний том шагналыг хүртсэнд маш их баяртай байна. “Мэс засалчдын Америкийн коллеж”-оос жил бүр тодруулдаг энэхүү шагнал бол бидний хувьд Нобелийн шагнал хүртсэнтэй адил. Эмч хүн судлаач байх ёстой бөгөөд энэхүү ажлын чансаа нь импакт фактор өндөртэй олон улсын сэтгүүлд хэр олон хэвлэгдсэн, хэр олон эрдэмтэд энэхүү судалгааны бүтээлээс ишлэл авч ашиглаж вэ? гэдэг нь бас нэгэн үзүүлэлт болдог. Мөн өөрийн эзэмшсэн нандин арга барил, мэдлэгээ бусдад түгээн, олон сайхан чадвартай эмч нарыг хэр хөгжүүлж байгаагаар нь мөн шавь нарых нь эмнэлзүйн амжилтаар нь, гадаад орны ижил мэргэжилтнүүдтэй жишсэн харьцуулалтаар тус тус үнэлэгддэг.
Алтан үеийн эрхэм багш нар болох профессор Пэлжээгийн Долгор, Батын Гоош, БНСУ-ын АСАН анагаах ухааны төвийн профессор Sung Gyu Lee нар шилдэг багш нар юм шүү гэдгийг батлан харуулж байна. Ажилдаа эзэн, мэргэжилдээ мэргэн байж мяндсан ухаан, торгон мэдрэмжээ хөгжүүлэн бүхий л сэтгэлээ зориулан ажиллабал дэлхийд үнэлэгдэх чадамжтай гэдгийг бид өнөөдөр харж байна” хэмээлээ.
Мэс заслын ноён оргил нь Эрхтэн шилжүүлэн суулгах
Дэлхийн шилдэг таван эмчийн нэг, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Хүний гавьяат эмч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор профессор О.Сэргэлэн “Миний бие Эрүүл мэндийн салбарт 36 дахь жилдээ ажиллаж байна. Анх 1982 онд анагаах ухааны дээд сургуулийг төгссөн. 1-р курсээсээ мэс заслын эмч болно гэсэн сэтгэлээр чиг өвөрлөж 3-р курсээсээ эхэлж мэс засалд орж, 5, 6-р курсдээ бие даагаад өдөр болгон мэс засал хийдэг болсон. Энэ хүсэл мөрөөдөл маань үргэлжилсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэндээ маш их баяртай байна. Багш нараараа, хамт олноороо маш их бахархаж, баярлаж байна. Хамгийн гайхалтай нь миний багш Ли профессорын багш Макучи профессортой зэрэгцэж уг шагналыг авах үед өөрөөрөө, Монгол улсаараа, хамт олноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан. Азиас энэ шагналыг авсан 11 дэх хүн болж, Олон улсад эмчлэх эрхтэй боллоо.
Мэс заслын ноён оргил нь Эрхтэн шилжүүлэн суулгах гэж би боддог. Сүүлийн жилүүдэд Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг УНТЭ-т нутагшуулах нөр их ажлыг элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн хамт олны хамт амжилттай хэрэгжүүлж байгаа бахдам амжилтыг маань үнэлсэн. Мөн эрхтэн шилжүүлэн суулгалт, Монгол улсад үндэсний хэмжээний яаралтай мэс засал, хэвлийн дурангийн мэс заслын суурийг тавьж, өнөөг хүртэл түүчээлж авч яваа УНТЭ-ийн хамт олны хөдөлмөрийн үнэлгээ юм” хэмээлээ.
Дашрамд дурдахад, 2018 онд Монгол улсад мэс заслын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг УНТЭ бусад мэргэжил нэгт нөхдийн хамт тэмдэглэх юм байна. “Дэлхийн мэс засалчдын олимп” гэж хэлж болох уг тавцанд энэ жил Монгол мэс засалч тэр дундаа О.Сэргэлэн эмч багтсан нь Монгол эмч нарын чадал чансаа олон улсад ямар түвшинд явааг илтгэх биз ээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.mn
|