Дональд Трамп, Ши Жиньпин нар ирэх сард Флоридад уулзах гэнэ. БНХАУ-ын даргыг АНУ-ын Ерөнхийлөгч хүлээн авж уулзах гэж байгаа талаар АНУ-ын хэвлэлүүд өчигдрөөс (2017.03.13) бичиж эхэлсэн байна. Албаныхан энэ мэдээллийг үгүйсгээгүй ба хоёр улсын Төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалт ирэх дөрөвдүгээр сарын 6-7-нд Палм Бич дэхь Трампын Мар-а-Лаго тансаг амралтын газарт болно гэж тодотгосон байна.
Харин Хятадын дипломат албаныхан хэлэхдээ “Хоёр орны удирдагчдын уулзалтыг зохион байгуулах бүх боломжит хувилбарыг ярилцаж байна. Уулзалтыг албан ёсоор зарлахад хэтэрхий эрт байна” гэж мэдэгджээ. Энэ долоо хоногийн сүүлийн өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Бээжинд айлчлах юм байна. Энэ үеэр Ши Жиньпинтэй уулзаж магадгүй бөгөөд энэхүү уулзалт ирэх сард болох хоёр улсын Төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын өмнөх чухал шат болно гэж ажиглагчид үзэж байгаа аж.