Өнгөрсөн 2016 оны турш дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээс 50 хувиар давжээ.
Судлаачдын олж тогтоосноор сүүлийн 800 мянган жилд СО2-ын түвшин асар их хэмжээгээр нэмэгдсэн нь хүний үйл ажиллагаа болон Эль-Ниньо (Номхон далайн экваторын бүсэд ус, агаарын даралтын хэлбэлзэх үзэгдэл)-той холбоотой гэнэ.
Дэлхийн цаг уурын байгууллагаас агаар мандлыг халаадаг хийн агууламж болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азотын оксид зэргийг дэлхийн 51 оронд хэмжиж үзжээ. Гэтэл өнгөрсөн онд СО2-ын дундаж агууламж 403,3 ppm (сая хувь)-д хүрсэн байна. 2015 онд энэ нь 400 ppm байсан юм. Энэ өсөлт нь дэлхийн агаар мандлыг ажиглах хөтөлбөр бий болсон 30 жилд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт гэж ВВС агентлаг тэмдэглэж байна.
Сүүлийн 70 жилийн хугацаанд агаар мандал дахь СО2-ын агууламж мөстлөгийн үеэс хойш бараг 100 дахин нэмэгджээ. Агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн түвшин нэмэгдсэнээр цаг уурын системд тааварлахын аргагүй өөрчлөлт авчирч, экологийн асуудал, цаашилбал эдийн засагт сөрөг нөлөөтэй аж.