ЕТГ-ын дарга З.Энхболд дахиад л “хориг” ярив

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох, үүнд нийт 54.9 тэрбум төгрөг зарцуулах асуудал багтсан байгаа. Гэвч энэхүү шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих болно гэдгээ Тамгын газрын дарга З.Энхболдоор дамжуулан мэдэгдээд (2017.10.27) байсан. Өнөөдөр (2017.11.01) Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар дахин байр сууриа илэрхийлжээ.
Тэр УИХ-ын хууль зөрчсөн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих Үндсэн хуулийн бүрэн эрхтэй. Одоо 2017 оны төсвийн тодотголд буюу 300 мянган төгрөг бэлнээр тараах нийт 55 тэрбум төгрөг дээр хориг тавина. Багш, эмч нарын цалинг сар бүр нэмэх бололцоогоо ашиглахын оронд ийм аргацаасан нэг удаагийн арга хэмжээ нь нийгэмд хортой. Ингэж ОУВС-гаа ч хуурч болохгүй. Алдагдаж буй байгалийн баялгийн мөнгөө оруулж ирээд цалингаа нэм. Эсвэл бэлнээр тараах мөнгөөрөө нэг ч гэсэн үйлдвэр байгуул. Энэ бол бодлогын ялгаа. Төсвийн тодотголыг ёсчилсноос хойш Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирдэг. Тэр үед хориг тавина” гэж ярьсан байна.
Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа нь УИХ-ын тогтоол, шийдвэр батлагдсан өдрөөс хойшхи ажлын тав хоногт багтдаг. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг баталсан бөгөөд уг шийдвэр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирснээс хойш тав хоногийн хугацааг тоолж эхэлдэг.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийн 3/2 нь дэмжвэл хориг хүчин төгөлдөр, харин УИХ-ын уг шийдвэр хүчингүй болдог. Харин хоригт тавьсан тохиолдолд түүнийг УИХ-аар хэлэлцэх хүртэл уг шийдвэр түдгэлзэгддэг байна.