Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хоол, хүнсээр дамжих өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх зорилгоор түргэн үйлчилгээний цэг ажиллуулж буй иргэдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тус хэлтсийн нийт 9 улсын /ахлах/ байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хийж байна.

Судалгаагаар тус дүүргийн нутаг дэвсгэрт 200 гаруй түргэн үйлчилгээний цэг байдгаас шалгалтад одоогоор 126 цэг буюу 63% нь хамрагдаад байна. Шалгалтанд хамрагдсан ТҮЦ-үүдийн 95,5% нь зөрчилтэй байсан бөгөөд дараах зөрчил дутагдал нийтлэг илэрч байна. Үүнд:

1. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, дүүргийн Засаг даргын тамгын газраас олгосон зөвшөөрөл, үйл ажиллагаа эрхлэх гэрээ 2015 онд хугацаа дууссан, түүнээс хойш хугацаа сунгагдаагүй боловч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсаар байгаа зэрэг нийтлэг зөрчил илэрч байна. Шалгалтын явцад судалж үзэхэд ТҮЦ-ийг эрхлэн ажиллуулж буй хүмүүсийн 86% нь 2-3 иргэн дамжуулсан түрээсийн үндсэн дээр ажиллаж байна.

2. Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг, ариун цэврийн өрөөгүй, гараа угааж халдваргүйжүүлэх боломжгүйгээс бохир гараар дамжих халдварт өвчин тараах эрсдэлтэй, орчны бохирдол ихээр үүсгэдэг, гадна орчин хатуу, шингэн хог хаягдлаар бохирлогдсон зөрчил их байна.

3. Түргэн үйлчилгээний цэг ажиллуулж буй иргэдийн 94.4% нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ажлын хувцас өмсдөггүй, мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна.

4. Шалгалтад хамрагдсан ТҮЦ-үүдийн 31.4 хувьд нь хаяг, шошгын зөрчилтэй, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан, 92,1% нь түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүн /кремтэй бүтээгдэхүүн, транс тос ихээр агуулсан торт, гурилан бүтээгдэхүүн/, хэн, хэзээ, хаана, ямар нөхцөлд хийсэн нь тодорхойгүй бэлэн гарсан хоол /хуушуур, бууз, пирожки, чанасан өндөг, ороомог, кимбаб зэрэг/-ыг хадгалалтын горим алдагдсан нөхцөлд буюу тасалгааны температурт, ил задгай 1-3 хоног хадгалан худалдаалж байсан нь хоол хүнсээр дамжих хордлого, хордлогот халдвар өвчин гарах эрсдэлийг үүсгэж байна. Мөн зарим цэгүүдэд дээрх хоол, хүнсийг богино долгионы зууханд халаахдаа хүнсний зориулалтын бус нийлэг хальсан уут /гялгар уут/-нд халааж худалдаалж байгаа нь сав баглаа боодлоор дамжин хүнс бохирдох, чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсгэж болзошгүй байна.

5. Түргэн үйлчилгээний цэгийг зориулалтын дагуу ашиглаагүй буюу 5 цэгт хоолны газар ажиллуулж байсан.

6. Мөн шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүй цэгт утаат тамхи худалдан борлуулсан, утаат тамхийг ширхэглэн худалддаг зөрчил нийтлэг илэрч байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр зөрчил гаргасан 1 ААН-д 480,0 мянган төгрөг, 29 иргэнд 1450,0 мянган төгрөгний шийтгэлийн арга хэмжээ авч, нийт 437,3 мянган төгрөгний чанар, аюулгүйн шаардлага хангахгүй 425 ширхэг хүнсний бүтээгдэхүүн, бэлэн гарсан хоолыг улсын байцаагчийн акт үйлдэн устгаж, 375 ширхэг 1262,2 мянган төгрөгний тамхийг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэн, түргэн үйлчилгээний цэгт хоолны газар ажиллуулж байсан 3 иргэний үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоох шийдвэр гаргалаа.
Шалгалтын явцад тандалт хийж үзэхэд түргэн үйлчилгээний цэг, жижиг хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй хоол, хүнсний бүтээгдэхүүнийг ихэвчлэн хүүхдүүд, оюутан залуучууд ихээр авдаг нь зайлшгүй анхаарах асуудал бөгөөд хоол, хүнсний зөв хэрэглээ, аюулгүй, эрүүл хүнсний талаарх ойлголт, мэдлэг олгох сургалтыг хүүхэд, залуучуудад олгох шаардлагатай байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар 

By updown

One thought on “ТҮЦ-үүд түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүн хадгалаж байжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн