Энэ оны эхний хоёр сард нийслэлийн хэмжээнд 2987 гэмт хэрэг бүртгэгджээ. Гэмт хэрэг 2016 оны эхний хоёр сартай харьцуулахад 7.2 хувиар буурч, бүртгэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 4.6 хувиар өссөн байна. Улаанбаатар хотын цагдаагийн газар гэмт хэрэг олноор үйлдэгддэг эмзэг цэгүүдэд хяналтын болон зөөврийн камер суурилуулж, гэмт хэргийн хяналтын цогц систем бий болгосон нь гэмт хэрэг буурахад нөлөөлжээ. Улаанбаатар хотын тухайд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 51 цэгт 80 гаруй камер суурилагдсан байдаг аж.
Эдгээрт харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс хяналт тавьдаг байна. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд суурилсан камерын хяналтаар халаасны болон автомашины эд анги хулгайлсан, бусдыг залилан мэхэлсэн хэргийг олноор илрүүлдэг байна. Мөн камертай хэсгээр зорчиж яваад машинд гар утсаа мартаж буусан хүний суусан таксины эзэн, гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгдсэн гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлийг камерын тусламжтайгаар түргэн шуурхай илрүүлдэг аж.