Америкийн зохиолч Жорж Сондерс 2017 оны Букерын шагналын (Man Booker Prize) эзэн болжээ. Лондон хотын захиргааны байранд болсон ёслол дээр англи хэл дээр туурвисан бүтээлүүдэд олгодог уран зохиолын Нобелийн шагналын дараа орох Бункерын шагналаар “Линкольн Бардо-д” (Lincoln in the Bardo) нэртэй романы зохиолч Сондерс хүртлээ хэмээн мэдэгджээ.
2016 онд уг шагналыг Пола Битиавсан авч байв. Ийнхүү Америкийн зохиолч Сондерс энэ шагналын эх орондоо авчирч байна. Шагналыг дагалдан 50 мянган фунт ($66.6 мянга) ирж байгаа юм. Өгүүллэгүүдээрээ алдартай Америкийн 58 настай зохиолчийн ном нь нэг ёсны үхлийн судалгаа болж байна.
Номд АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн (1809-1865) иргэний дайны эхээр 11 настайдаа нас барсан хүүгийнхээ булшин дээр ирснийг өгүүлдэг. Жоржтауны оршуулгын газарт Линкольн буддистуудын “бардо” хэмээн хэлдэг нас барсан хүмүүсийн сүнстэй харьцах аргаар хүүтэйгээ сонирхолтой яриа өрнүүлдэг аж.
Шүүгчид номын тухай
“Номд Авраам Линкольн хүүг нь нөгөө ертөнц рүү авлан авч одсон сүнснүүдтэй ярьсан яриа амьд, хурц тод хэлбэртэй дүрслэгдсэн гэж шүүгчдийн бүрэлдэхүүний дарга Лола Янг хэлжээ. Линкольн “бардо” зэргийг ашигласан өгүүллэг түүхийг сөхөн энэ үзэгдлийг хүмүүс сэтгэлдээ хэрхэн хүлээн авч байгаа талаар судалсан бүтээл болов гэж бароны ахайтан Янг нэмэн хэлэв..
155 жилийн дараа ч чухал
Сондерс өөрөө энэ роман нь түүний сэтгэл зүрхэнд 20 жил амьдраад цаасан дээр буусан гэж ярив. Техаст төрөөд одоо Нью-Йоркт амьдарч байгаа зохиолч өөрийн бүтээл нь уншигчдыг 155 жилийн өмнөх үед авчрах боловч үнэн хэрэгтээ өнөөдөр чухал сэдэв гэлээ. “Бид хачин үед амьдарч байна. Бүхний үндэс болсон асуудал энгийн, хүчирхийлэл, сөрөг дүрээр бүтээгдсэн хязгаарлалтын төлөө бид хариуцлага авах ёстой юу? Эсвэл бид эрт дээр үеийнх шиг хариугүй зүйлд итгэн, хайраа өгөх ёстой юу? Гэсэн асуудлуудыг Сондерс дэвшүүлж байгаа ажээ.
Шагналын тухай
Букерын шагнал (Man Booker Prize) уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг юм. Жил бүр англи хэлээр номоо бичдэг, ном нь Их Британид тэр жилдээ хэвлэгдсэн зохиолчид олгодог. 2014 он хүртэл зөвхөн Британийн, Ирландын мөн Британийн хамтын нөхөрлөлийн орнууд ба Зимбабвегийн зохиолч нарт олгодог байлаа. Шагналыг 1968 онд бий болгожээ.
Эхлээд Booker-McConnell (“Букер-Макконнелл”) гэж анхны ивээн тэтгэгчийн нэрийг хавчуулсан байлаа. Дараа нь 1986 онд Booker plc гэж нэрлэсэн байсан нь товчоор “Букер” болжээ. 2002 оноос шагналын ивээн тэтгэч нь хөрөнгө оруулалтын “Мэн” (Man) компани болсон байгаа. Ялагч нь 50 мянган фунт авдаг ба шагналын богино жагсаалтад шалгарсан зохиолчид урамшууллын 2500 фунтын шагналтай.
Жон Кутзее (1983, 1999), Питер Кэри (1988, 2001), Хилари Мантел (2009, 2012) нар хоёр удаа энэ шагнал авч байв. Букерын дөрвөн шагналтан дараа нь Нобелийн уран зохиолын шагнал авсан байв. Тэд нар нь: Уильям Голдинг (1980 онд “Букер” 1983 онд Нобелийн шагнал), Надин Гордимер (1974; 1991), Видиадхар Найпол (1971; 2001), Жон Кутзее (2003 оны Нобельтон) юм.
Шагналын 25 жилийн ойгоор 1993 онд “Букерын букер” (Booker of Bookers) шагнал олгогдсныг Салман Рушди “Шөнө дундын хүүхдүүд” романаар авсан байв. 2008 онд шагналын 40 жилийн ойгоор Лондоны уран зохиолын наадмаар ээлжит бус The Best of Booker шагнал олгосон ба тэр нь уншигчдын саналаар 1968-2007 онуудын шагналтнуудын шилдэг нь гээд дахиад Салман Рушдид очжээ. Шагналтнуудын ном нь шагнал авсан жилдээ ихээхэн эрэлттэй болон зохиолчдоо нэмэлт орлого авчирдаг.
М.ЭРДЭС