Өнөөдөр (2017.10.20) шинээр томилогдсон сайд нар “баяр ёслол”-ын байдалтай тамгаа хүлээн авч, яамныхан шинэхэн сайд нараа хөл алдан тосон угтаж байна. Энэ дүр зураг өнгөн талдаа нэлээд эвтэйхэн харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ хоёр сар түгшсэн төрийн албан хаагчдын айдасыг дээд цэгт нь хүргэж байгаа. Айдасын гол шалтгаан нь шинэ сайдын гутлын мөртэй зэрэгцэн өрнөдөг халаа сэлгээ юм. УИХ-ын сонгуулийн дараа Засгийн эрх барьсан улс төрийн хүчин бодлого хэрэгжүүлэх нэрийн дор их хэмжээний халаа сэлгээ өрнүүлж үр дүнд нь төрийн мэргэшсэн алба сульдан доройтдог жишиг 2016 оны УИХ-ын сонгуулиар парламентад 65 суудал авсан МАН-ын засаглалын үед ч давтагдав.
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар дөрвөн яамыг хуваан найм болгож, есөн яамыг 16 болгож өргөжүүлж, төрийн албаны ажилчдын тоог 220 000-д хүргэсэн бол МАН төвтэй эрх баригчид 14 яамтай ажиллаж байгаа. Засгийн газар солигдох үйл явцыг даган төрийн алба хэрхэн өөрчлөгдөж байдгийг доорх тоон баримтаас харж болно.
Зөвхөн яамдын Төрийн нарийн бичгийн албан тушаалын томилгоо 2008-2016 оны хооронд 56 удаа явагдаж, мөн тэр тооны хүн энэ албан тушаалыг хашсан байх юм. Баримт арван хэдхэн албан тушаал дээр найман жилийн хугацаанд ийм олон хүн сандайлсан болохыг харуулж байна. Үүнээс гадна тэдэнтэй эн тэнцүү, тэднээс ч олон хүн нэг сайдын суудлыг найман жил “дамжилсан” гэсэн үг. Төрийн нарийн бичгийн дарга бол хамгийн тогтвортой ажиллах ёстой төрийн удирдлагын мэргэжлийн боловсон хүчин. Гэвч энэ нь томилгоонд огт нөлөөлсөнгүй.
Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоотой холбоотой тоон баримт
Засаг солигдон, сайд шинэчлэгдэх тоолонд бүтцийн өөрчлөлт явагдаж, төрийн алба данхайж, нэг хүний хийдэг байсан ажлыг өнөөдөр 3-4 хүн “дамжилдаг” болсон. Энэ бол сонгуулийн ялалтын бялуу хуваарилалтын сонгодог жишээ, төрийн алба нам доторх бүлэг фракц, эвсэл, хамтрагчдын амыг тосдох хэрэгсэл болсныг гэрчлэх баримт. Нөгөө талдаа ажлаас хууль бусаар халагдагсад шүүхэд гомдол гарган, ажилгүй байсан хугацааныхаа тэтгэмжийг Монголын төрөөс гаргуулж, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг болсон.
Үүнээс гадна Захиргааны хэргийн шүүх Улсын дээд шүүхийн “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай” 2007 оны 32 дугаар тогтоол, мөн шүүхийн “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаар” 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн зөвлөмжид тус тус заасны дагуу хөдөлмөрийн гэрээгүй, сонгууль, томилолт, эрх олгосноор ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон улс төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маш олон маргааныг шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2008-2016 онд төрийн албатай холбоотой 2100 хэрэг хянан шийдвэрлэсний 1238 нь буюу 59 хувийг ажлаас үндэслэлгүй халагдсан асуудал эзэлж байна.
Д.ХАЛИУН
3 comments
2016 оны сонгуулийн дараагаас шинээр ажилд томилогдсон 60 тэрбумын хүмүүсийг бүгдийг нь хал. Эрчим хүчний яамны аппаратын 60 хувийг мэргэжлийн бус хүн эзэлж байна гэнэ. Энэ бол үнэхээр завхрал байгааг харуулж байна.
удахгүй…асар их баялагтай тэнэг ард түмэн яаж мөхөж хятадын харьяанд орсон тухай түүхийн сурах бичигт орох нь дээ…
toriig samarjee