ЮНЕСКО-ын Гүйцэтгэх зөвлөл тус байгууллагын тэргүүнд франц эмэгтэй Одре Азулегийн нэрийг дэвшүүлжээ. Түүнийг аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 14-нд хуралдах ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 39-р чуулганаар батлах ёстой.
Одре Азуле 1972 оны наймдугаар сарын 4-нд Парисаас холгүй орших Ла Сель-Сен-Клу хотод төржээ. Түүний эцэг Андре Азуле тухайн үедээ Марокко улсын ван II Хасаны зөвлөхөөр ажиллаж байсан аж. Одоо түүний хүү VI Мухаммед вангийн зөвлөхөөр ажиллаж байна. Одре Азуле англи, испани хэлтэй. 1993 онд Их Британийн Ланкестерын их сургуульд захиргааны ажил хэргээр магистр цол хамгаалсан. 1994 онд Парис-Дофины Их сургууль, 1996 онд Парисын “Сьянс По” гэдэг улс төрийн судалгааны дээд сургууль, 2000 онд Страсбургийн Захиргааны үндэсний сургуулийг тус тус дүүргэсэн байна.
Тэрбээр 2000-2003 онд Францын Соёл, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийн газрын аудиовизуалийн тасгийн даргаар, 2006-2017 онд кино урлагийн болон анимегийн Үндэсний төвд санхүүгийн орлогч захирлаас Ерөнхий захирал хүртэл дэвшин ажиллаж байжээ. Мөн 2014 онд Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын зөвлөх, Манюэль Вальс ба Бернар Казнёв нарын Засгийн газарт Соёлын сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Сөргөлдөөнтэй бүсүүдэд соёлын өвийг хамгаалах талын Франц, ЮНЕСКО, АНЭ зэргийн хамтарсан төслийг Азуле идэвхитэй дэмжиж ирсэн юм байна.