[starbox]
Шведэд биеэ үнэлэх явдлыг хууль бус үйлдэлд тооцдог тул гэмт этгээд хуулийн хариуцлага хүлээдэг. Гол буруутан нь үйлчлүүлэгч юм. Тиймээс “ягааны гудамж”-ны үйл ажиллагааг тус улсад хатуу хориглодог байна.
Гэмт хэргийн түүхээс…
ХVIII зуун: Дэлхийн “хамгийн анхны мэргэжил”-тэй холбоотой гэмт хэрэг энэ улсад 1734 онд бүртгэгджээ. Бие үнэлэх явдалыг гэр бүлээс гадуурх харьцаа гэж үзсэн байна.
XIX зуун: 1833 оноос тус улс биеэ үнэлэх явдлыг хяналтандаа авсанаар хэд хэдэн ахицтай алхам гарчээ. 1836 онд энэ үйлдлийг хязгаарлах анхны оролдлого хийгдэж эхэлсэн бөгөөд хамгийн эхлээд хөнгөн явдалтай бүсгүйчүүдийг төвлөрүүлсэн газруудыг улс мэдэлдээ авч албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах эрх олгож эхэлжээ. Тэгвэл 1847 он гэхэд ийм үйлчилгээ эрхлэгчдийг эмнэлгийн үзлэгт хамруулж, хууль цагдаагийнхан хяналтаа тогтоосон байна.
XX зуун: Биеэ үнэлэх явдлаас болж бэлгийн замын халдварт өвчин эрсдэл дагуулж эхэлсэн тул 1918 он гарсаны дараа биеэ үнэлдэг болон тэнүүлч амьдралтай иргэдийг хуулиар хатуу шийтгэдэг болжээ.
Өнөөдөр Швед улсад биеэ үнэлэх явдал эрүүгийн гэмт хэрэгт тооцогдсон хэвээр байна. Гэмт хэргийн гол буруутан нь үйлчлүүлэгч болж хоцордог ийм тогтолцоо тус улсад эртнээс хэвшин тогтжээ. Тус улсын Засгийн газар төлбөртэй үйлчилгээний эсрэг үйлчилдэг “Sexköpslagen” /-сексшопслоген/ гэх хуулийг 1998 оны зургадугаар сарын 04-нд баталсан бөгөөд тус хуулийг 1999 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн өнөөдрийг хүртэл Европын нутаг дэвсгэрт, тэр дундаа Нордикийн орнуудад хатуу хяналтын дор хэрэгжүүлж иржээ. Харин ийм хэлбэрийн чанга хуулийг Норвеги, Исланд зэрэг орнууд дөнгөж 2009 оноос л мөрдөж байгаа юм.
Тухайн үед энэ хуулийг Шведийн Парламентад суудалтай байсан Социал-демократууд 100 хувь дэмжсэн бол Зүүний хүчин болон Ногоон нам татгалзаж харин Христийн ардчилсан нам түтгэлзэж байсан гэдэг.
2011 онд Засгийн газраас уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хууль бус секс үйлчилгээг худалдан авсан этгээдэд /үйлчлүүлэгч/-д нэг хүртэл жилээр хорих заалтыг нэмж өгсөн байдаг. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах тухай ”Kvinnofridslagstiftningen” /-Квиннофридслагстифтнин/ гэх хуулиндаа “-Биеэ үнэлэлт бол хүчирхийллийн нэг хэлбэр, үйлчлүүлэгчээс гадна зуучлагчид оноох ялыг чангатгах, энэ нь хүний наймаа, хар тамхидалтын эх үүсвэр болдог” гэсэн чухал заалтуудыг нэмж өгчээ.
Өөрөөр хэлбэл энэ орны хуулиар бол биеэ үнэлсэн эмэгтэйг эсвэл эрэгтэйг ч биш тэднийг худалдсан, тэднээр үйлчлүүлсэн этгээд хуулийн дагуу шийтгүүлэх, ял эдлэх нь шудрага ёс гэж үздэг. 2010 он гэхэд ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон 1650 худалдан авагч болон зуучлагч эрэгтэй байсан бөгөөд азаар тэд хорихоос бусад төрлийн ялаар шийтгүүлжээ.
Цагдаа, хүчний байгууллагын мэдээлснээр хууль хэрэгжих явцад хууль бусаар биеэ үнэлэх, олон нийтийн газарт зүй бус үйлдэл хийх, гудамжинд тэнүүчлэх, хөндлөнгийн хэн нэгний дур хүслийг өдөөх зэрэг гэмт хэргийн хувь орон даяар эрс буурчээ.
Эрүүгийн хуулинд орсон өөрчлөлтийн бас нэг ач холбогдол нь зөвхөн биеэ үнэлэх бүсгүйчүүдээс гадна тэдний үйлчлүүлэгчид, хар тамхинд донтогчид, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, хүний наймаа, бохир мөнгө угаах болон мөрийтэй тоглоомын хар зах ч эрс хумигдсанд оршино.
Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар энэ хуулийг нийт ард иргэдийн 80 хувь нь дэмжсэн байна. Энэ тун саяхны судалгаа юм.