Эрээ цээргүй үнэ цэнэ Алдартай хүмүүс байгаа газар бусдын нэр алдарт өөрийгөө ээх төдийгүй бас үүгээр мөнгө олохыг оролдогч хүмүүс үргэлж дагалдаж байдаг. Үүний тулд ашиглах объектоо тун зөв сонгох шаардлагатай. Практикаас харж байхад энэ үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч эсвэл Их Британийн ирээдүйн хатан хаан, үгүй ядахдаа гэхэд алдарт дуучин эсвэл нэртэй хөл бөмбөгч тохирно.
Дадлагын төлөөс
Материаллаг тал дээр хамгийн ашигтай тохиолдол гэвэл Цагаан ордонд дадлагажигчаар ажиллаж байсан 22 настай бүсгүйн “хайр сэтгэлийн” явдал юм. Моника Левински 1995 оны тавдугаар сард Цагаан ордны боловсон хүчний хэлтэст дадлагажигчаар очжээ. Залуу бүсгүй болон дэлхийн хамгийн хүчирхэг залуу хоёрын хамгийн анхны түүхэн уулзалт 1995 оны арваннэгдүгээр сарын 15-нд тохиожээ. Тэр өдөр хатагтай Левинскийн дарга төрсөн өдрөө тэмдэглэж байсан бөгөөд үүнээс хойш тэд хоёр жилийн турш Цагаан ордонд тогтмол уулзалдах болжээ.
1996 онд Моника Левински тушаал дэвшив. Түүнийг хуулийн хэлтэс рүү томилж, тэр оны дөрөвдүгээр сард Пентагон дахь олон нийтийн харилцааны хэлтэс рүү хуваарилжээ. Тэнд тэрээр Линда Трипп гэгчтэй танилцсан бөгөөд улмаар түүний хамгийн дотно найз бүсгүйчүүдийн нэг болсон ч хожмоо заналт дайсан нь болж хувирчээ. Бүх зүйл 1997 оны гуравдугаар сарын 24-нд дуусав. Тэр өдөр Билл Клинтон болон Моника Левински нар хоёулхнаа хамтдаа өнгөрүүлсэн сүүлчийн өдөр байлаа. Үүний дараа хатагтай Левинскийн сайн найз болох Линда Триппын ээлж иржээ. Линда Трипп энэ бүх хугацаанд бүх утасны дуудлага болон найз бүсгүйнхээ төрийн тэргүүнтэй ургуулсан харилцааны талаарх илэн далангуй яриа бүхнийг диктофонд бичиж авч байлаа. Энэхүү бичлэгийг хатагтай Трипп прокурор Кен Старрт дамжуулжээ.
Кен Старр тэр үед Уайтуотер хотод үл хөдлөх хөрөнгийн хууль бус худалдааны талаар хэргийг мөрдөж байсан бөгөөд тэр хэрэгт ерөнхийлөгч Клинтон орооцолдсон байлаа. Хатагтай Моника Левинскигийн Трипптай ярилцсан ярианаас харахад ерөнхийлөгч Клинтон болон түүний туслах Вернон Жордан нар төрийн тэргүүний биеэ зүй бусаар авч явж байгаа талаар худал мэдүүлэг өгөхийг Моникад санал болгохоор завдаж байжээ. Энэ бүхэн прокурорт хуурамч мэдүүлэгт түрхэрсэн хэргийг албан ёсоор мөрдөх боломж олгожээ. Энэ бүхэн юугаар төгссөнийг бид мэднэ: ерөнхийлөгч “хайр сэтгэлийн нууц явдлаа” хүлээн зөвшөөрч, олон нийтийн өмнө гэмээ наминчилсан бөгөөд ийм маягаар албан тушаалаасаа халагдах аюулаас зугтсан юм. Харин АНУ-ын ерөнхийлөгч болон залуухан дадлагажигч бүсгүй хоёрын хайр сэтгэлийн холбооны талаарх нарийн ширийн мэдээлэл үй олон онигооны хангалттай эх үүсвэр болжээ.
Хэдийгээр хувийн амьдрал нь дэлхийн хүн амын тэн хагасын хов живийн бай болсон ч Моника Левински нүүрээ хийх газаргүй болж газрын гаваар орсонгүй, харин ч өөр дээр нь нүүрлэсэн дуулиант хэргийг чадах ядахаараа өөрт ашигтайгаар ашигласан юм. 1999 онд тэрээр “Моникагийн түүх” номыг дуулиант түүх сонирхдгоороо алдартай Британийн сэтгүүлч Эндрю Мортонтой хамтран гаргажээ. АНУ-д зориулж 400 мянган хувь хэвлэгдсэн номынхоо урьдчилгаа болгож хоёр сая доллар авсан бөгөөд хамтран зохиогчид эвтэй найртай хуваан авчээ. Моникад оногдох ёстой борлуулалтын орлогын таван хувь ч түүнд ахин тав гаруй сая доллар авчрав.
Үүний сацуугаар тэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээс багагүй орлого олж байлаа. Британийн С4 телевизийн сувагт ганц удаа ярилцлага өгөхөд л 670 мянган доллар авсан бөгөөд дээдсийн сэтгүүл “Hello” түүний зургийг өөрийн сэтгүүл дээр байрлуулах эрх авахын тулд түүнд 835 мянган доллар төлсөн байна.
Дашрамд хэлэхэд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дээрх орлогын эх үүсвэр татарч эхлэхэд нэгэнт олсон алдар нэрээрээ мөнгө олох бусад аргуудыг хайж эхэллээ. Тэрээр худалдаа эрхлэхээр шийдэж, улмаар интернэтээр эмэгтэй хүний нэхмэл цүнхийг ширхэгийг нь 110 доллараар борлуулж эхлэв. Гагцхүү наймаа тийм ч амжилттай явагдсангүй тул хатагтай Левински өөрт байгаа ашигтайгаар зарж болох нэгэн зүйлийг олсон нь түүний илүүдэл жин байлаа. Тэрээр тураах бүтээгдэхүүнээр дагнадаг Jenny Craig пүүстэй гэрээ байгуулж, улмаар гэрээний дагуу хэрэв тэрээр 20 кг-аар турж чадах аваас пүүс түүнд 1 сая доллар төлөх ёстой болов. Үнэндээ Моника сая долларыг авч чадаагүй. Учир нь тэрээр ердөө 14 кг хаясан бөгөөд цаашид эргэн жин нэмж эхэлсэн тул гэрээ цуцлагдав.
Найз, бас хүчин зүтгэгч
Диана гүнжийн хэний ч мэдэхгүй энгийн нэгэн үйлчлэгч нэг цагийн дотор дэлхийд алдар нэрээ дуурсгаж, үүний сацуугаар өтөл нас хүртлээ өөрийгөө тэжээх хөрөнгөтэй болжээ. Гэхдээ тэр алдарт эзэгтэйнхээ амьдралын бүх нууцыг дэлгээгүй юм. Дербишир гүнлигт Грассмур хэмээх бяцхан тосгонд нүүрсчний гэр бүлд төрсөн Пол Беррелл бүр бага байхаасаа л Букингемийн ордонд очихыг мөрөөддөг байжээ. 1976 онд түүний мөрөөдөл биелэв. Тэрбээр Хааны ордонд морь сургагчийн шавиар орж, жилийн дараа гэхэд хатан хааны хувийн үйлчлэгч болж чаджээ. Ноён Беррелл болон Диана гүнж нарын анхны уулзалт 1980 онд болжээ. Тэрбээр Хааны Балморал цамхагийн хязгааргүй олон хонгилын нэгэнд явж байгаад санаандгүй мөргөлдөж орхижээ. Гүнж өрөөгөө олохгүй будилж явахад тэрбээр гүнжийг зохих газарт нь хүргэж өгөөд улмаар яриа өрнөж, сүүлдээ найзууд болжээ. 1986 онд Пол Беррелл Глостершир гүнлигт Уэльсийн хунтайж Хайгроувын хотын захын эдлэнд зохион байгуулагчийн албан тушаалд очив. Пол Беррелл гүнжийг 1997 онд эмгэнэлтэйгээр нас барах хүртэл жилийн 18 мянган долларын цалинтайгаар бараг амралтгүйгээр өдөрт 16 цагаар ажиллаж, гүнжид үнэнчээр зүтгэсэн юм.
Пол Берреллын од шүүрэх агшин 2002 оны аравдугаар сард тохиожээ. Тэр үед Диана гүнж Кенсингтоны ордонд нэг хэсэг хугацаанд амьдарч байгаад тэндээс явахад түүний эд зүйлс алга болсон хэрэгт түүнийг сэжиглэж шүүхээс дуудсан юм. Ордны зохион байгуулагчийн хулгайлсан гээд байгаа эд зүйлийн жагсаалтанд Диана гүнжийн хувийн 342 эд зүйлс бүртгэгдсэн байлаа. Шүүхээс баталж байгаагаар энэ хэргийг ноён Беррелл 1997 оны нэгдүгээр сарын 1-ээс 1998 оны зургадугаар сарын 30-ны хооронд буюу эзэгтэйг нас барсан дараа үйлдсэн гэж байлаа. Гэвч тухайн жилийн хамгийн том дуулиан тарьж болох энэ үйл явц нэг хормын дотор бүтэлгүйтэв. Тус хэрэгт хатан хаан Елизавета II өөрийн биеэр оролцож, хэрэг мөрдөлтийн үйл явц эхэлснээс гурван долоо хоногийн дараа ноён Беррелл өөрт нь Диана гүнжийн эд зүйлс хадгалагдаж байгаа тухай сануулж байсныг гэнэт санасан тухайгаа мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийн дараа шүүх ордоны зохион байгуулагчийг бүрмөсөн цагаатгахаас өөр аргагүйд хүрчээ.
Пол Берреллийн дуулиант ялалтын яг дараагийн өдөр түүний нэрэн дээр үй олон тооны болон телевизийн сувгуудаас өөрийн сэтгэгдлийн талаар ярьж өгөх 300 гаруй санал иржээ. Тэдний зарим нь бараг нэг сая фунт /1,85 сая доллар/ төлөхөд бэлэн байлаа. Гэвч ордны зохион байгуулагч асан их мөнгөний хойноос хөөцөлдсөнгүй “Зууны үйл явцын” талаарх өөрийн дурсамжийг хэвлэх эрхийг Британийн шар сонин “Daily Mirror”-д 350 мянган фунтээр /650 мянган доллар/. Үүнээс гадна, хувьсамтгай үйлчлэгч өөрийн түүхийг телевизэд худалдаж амжсан байна. Цуу ярианаас сонсоход үүний ачаар түүний банкин дахь данс 100 мянган фунт буюу 185 мянган доллараар нэмэгджээ. Түүнээс гадна “A Royal duty” /Хааны албанд/ нэртэй ном хэвлүүлжээ. Үүндээ тэр мөн л ард түмний хайртай гүнжийн амьдралын сонирхол татам нарийн ширийний талаар тэр бүл дэлгэлгүй эзэгтэйдээ үнэнч хэвээр үлдсэн нь ээлжит удаагаа ард олны хүлээлтийг хууран мэхэлсэн хэрэг болов. Гэсэн ч дан ганц Британи, Ирландын олон нийт тус номоос 600 гаруй мянган ширхэгийг худалдан авсан нь номын эзэнд 1 сая фунт буюу 1,85 сая доллар авчирчээ.
Даруухан үйлчлэгч Пол Беррелл, Диана гүнж хоёрын ойр дотно харилцаа түүнд нэр алдар, баялгийг авчирсан бол урьд нь кавалерын офицер байсан Жеймс Хьюиттын хувьд бүх зүйл өөрөөр эргэжээ.
Гүнж болон хааны гвардийн офицер хоёрын дурлалын явдал 1987 онд эхэлж 1992 онд төгссөн билээ. Алдарт “Панорама“ нэвтрүүлэгт 1995 онд ярилцага өгөхдөө Чарльз хунтайжийн гэргий Жеймс Хьюиттэд ухаангүй дурласан ч айхтар мэхлэгдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байлаа.
Гэвч хэнбугайн ч нэр хүндийг, тэр тусмаа хамгийн хүндтэй хүний нэр хүндийг унагахад ганц энэ чин сэтгэлийн өчил хангалттай байх байлаа. Тэгтэл офицер энэ бүх он жилүүдэд бүсгүйг нэг бус удаа гутаажээ. Ноён Хьюиттын нас нөгчсөн гүнжийн талаарх дурсамжаа наймаа хийн нэр төрөө баллах анхны алхам нь News of the world шар сонинд ярилцлага өгсөн явдал бөгөөд үүндээ тэрбээр Диана гүнжтэй хайр сэтгэлийн холбоотой байсан тухайгаа илэн далангүй дэлгэж, үүгээрээ 300 мянган фунт буюу 555 мянган доллар олсон явдал байлаа. Төдөлгүй тэрбээр нууц амрагийнхаа талаарх дурсамжийг Анна Пастернактай хуваалцахыг зөвшөөрсөн бөгөөд үүний үндсэн дээр хожмоо бурхан бологч гүнжийн хайр сэтгэлийн амьдралд зориулагдсан Princess in love дуулиант ном хэвлэгдсэн юм. Энэхүү үр шимтэй хамтын ажиллагаа Жеймс Хьюиттэд ойролцоогоор 1 сая фунт /1,85 сая доллар/ авчирчээ.
Дашрамд үүгээр хошуучийн зүтгэл дууссангүй. 1999 онд тэрбээр өөрийн намтрыг нийтлүүлсэн бөгөөд Диана гүнжтэй хэрхэн эр, эмийн ажил хийдэг байсан тухайгаа ч дэлгэрэнгүй, илэн далангүй дүрсэлжээ. Ашиг орлогын хувьд тус ном эргэлзээгүй их амжилтанд хүргэсэн ч Жеймс Хьюиттэд Виндзорын гэр бүлийн хамгийн их зовсон ч ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн бүсгүйн хайраас урвасан Их Британийн хамгийн өөдгүй этгээд гэсэн нэр хүндийг нэг мөр авчирчээ.
Диана гүнжээр баяжих боломжийг тэр үедээ бүгдийг нь шавхсан хошууч асан 30 мянган фунтын цэргийн тэтгэврээ аван даруухан амьдарч байснаа ахин 2003 онд хайрт бүсгүйнх нь ид халуун дурлалын үед бичиж өөрт нь бичиж байсан захидлыг зарах санаа төржээ. Бурхан болооч гүнжийн хайр сэтгэлийн илэн далангуй сэтгэгдлийг Жеймс Хьюитт 4 сая фунт буюу 7,4 сая доллараар үнэлэв. Харин Америкийн алдарт телевизийн хөтлөгч Ларри Кингтэй хийсэн ярилцлагадаа бүх захидлыг бөөнд нь 10 сая фунт буюу 18,5 сая доллараар худалдахад бэлэн байгаагаа ам алджээ. Одоо болтол түүнийг нь худалдан авах хүн олдоогүй л байна.
9 хормын дотор 900 мянган доллар
1997 оны зургадугаар сарын 27 бол 23 настай биеэ үнэлэгч Эстелла Томпсон буюу ажил хэргийн нууц нэрээрээ “Тэнгэрлэг Браун” гэж алдаршсан бүсгүйн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн өдөр байсан юм. Чухам зуны тэр өдөр хатагтай Томпсон нэг хормын дотор л алдар нэртэй болохдоо дэмий газар цагаа олоогүй үед түүнтэй таарсан азгүй эр, Британийн жүжигчин Хью Грантын хувийн амьдралыг тэр чигт нь баллаж орхив.
Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсаны төлөө ноён Грантыг баривчилсан цагдаа нарын нэг Британийн телевизийн Channel 5 сувагт жүжигчнийг гудамжны бүсгүйтэй байхад нь баривчилсан тухай дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэр өглөө 41 настай Терри Бенниуорт хамтрагчтайгаа Лос-Анжелесын Сансет Стрип гэх буруу явдлаараа алдартай гудамжаар жижүүрлэж явахдаа замын хажуугаар сэлгүүцэх биеэ үнэлэгчдийн дэргэд цагаан өнгийн BMW зогсохыг анзаарчээ. Тэнгэрлэг Браун машинд дөхөж очоод, ахархан хугацаанд “хэлэлцээр” хийсний дараа жолоочийн дэргэд суув. Машин тэр даруй байрнаасаа хөдлөв. Төдөлгүй арын нэг гудамжинд жижигхэн буланг хайж жолооч машинаа орон сууцны байшингийн дэргэд тавьжээ. Цагдаа нар хэсэг зуур хүлээж байгаад улмаар машин руу дөхөн очоод цонхыг нь тогшив. Машин дотор байсан эр гэнэтийн энэ явдлаас үсэрч, нүцгэн биеэ хувцсаараа яаравчлан далдлахыг оролдсон боловч нэгэнт хожимдсон байлаа. Нийтийн дэг журам зөрчсөн нь илэрхий байв. Хэв журам зөрчигч бол Британийн алдарт жүжигчин Хью Грант болохыг таньсан цагдаа нар түүнийг гавлаж, цагдаагийн хэсэгт аваачсан бөгөөд тэнд хожмоо дэлхийн бүх сонингуудаар тараагдсан алдарт зургийг авсан юм.
Ичгэвтэр энэ явдлын үр дагавар Хью Грантын хувьд санаж байсанчлан төдийлөн эмгэнэлтэй байсангүй. Ухаалаг зан гаргаж өөрт нь тулгаж байгаа ялыг тэр үгүйсгэхийг оролдсонгүй, харин 18 мянган долларын торгууль төлөөд хоёр жилийн тэнсэн авч, ДОХ-оос урьдчилан сэргийлэх курс эмчилгээнд явах заавартайгаар тэр бүрэн чөлөөлөгдөв. Түүний жүжигчний нэр алдар, ажил үүнээс болж огтхон ч буурсангүй, харин ч эсрэгээр, хожмоо тэр “Love Actually”, “Nothing Hill” зэрэг алдартай кинонуудад амжилттай тогложээ. Гэвч тэр найз бүсгүй жүжигчин Лиз Херлитэй харилцаагаа таслахад хүрч, 13 жилийн турш хамт амьдарсны дараа тэд 2000 онд хоёр тийш болсон билээ.
Эстелла Томпсоны хувьд тэрээр хувийн болон ажил мэргэжлийн амьдралд нь тохиосон гол үйл явдлаас боломжоороо дээд зэргийн ашиг унагаж авахыг хичээжээ. Алдарт жүжигчинтэй есхөн хормын төдийд хийсэн уулзалтаасаа тэрээр 900 мянган доллар олсон бөгөөд үүнээс 130 мянгыг нь Британийн шар сонин News of the World төлжээ. Мөн 185 мянган долларыг тэрээр Хью Гранттай учирсан явдлыг өгүүлсэн порно кинонд тоглосноор халаасалж чадсан юм. Үлдсэнийг нь тэрээр үй олон телевизийн нэвтрүүлэг болон сонингийн ярилцлаганаас олсон аж. Гэвч мөнгө нь удахгүй дуусч, Лос-Анжелесын хамгийн алдартай биеэ үнэлэгч ахин гудамжиндаа гарчээ. Дараа жил нь тэрээр хувцсаа сольж, зүсээ хувиргасан цагдаа нарыг “шаналгасан” хэргээр баривчлагдсан юм. Тэрээр 900 долларын торгууль төлөөд суллагдав.
2000 оны арванхоёрдугаар сард “хайр сэтгэлийн донтон” бүсгүй ахин цагдаа нарын гарт оров. Учир нь Лас-Вегас дахь казинод тоглож 15 мянган доллар хожсон нэгэн эр нэгэн согтуу эмэгтэй байн байн тусгай үйлчилгээ үзүүлэхийг санал болгож, амар заяа үзүүлэхгүй байсан тул цагдаад хандсан ажээ. Хью Грантаас ялгаатай нь түүнд ийм үйлчилгээ огт хэрэггүй байлаа. Эцэст нь хатагтай Томпсон 30 хоног шоронд хоригдов. Энэ удаад түүнийг хэн ч телевизийн нэвтрүүлэгт уриагүй юм.
Хет-трик хэрээс хэтэрсэн нь
Spice girls хамтлагийн гоцлол дуучин Виктория Адамс болон Английн хөл бөмбөгийн “алтан хөвгүүн” болох Дэвид Бекхэмын гэр бүлийн холбоо энэ оны дөрөвдүгээр сард News of the World шар сонинд “Ноён Бекхэм өөрийн хувийн нарийн бичиг Ребекка Луз гэгчтэй амраглаж эхнэрээ араар нь тавьсан” гэх утгатай нийтлэл гарах хүртэл оддын гэр бүлийн жинхэнэ үлгэр жишээ болж байлаа. Ребекка Луз нь ноён Бекхэмыг ивээн тэтгэж байсан SFX агентлагийн ажилтан ажээ.
Хөл бөмбөгч болон түүний нарийн бичгийн хоорондын янагийн явдал өнгөрөгч оны есдүгээр сард буюу зоогийн газарт үдийг хамтдаа өнгөрүүлж, улмаар Мадридын шөнийн клуб Анандад очсоноор эхэлжээ. Тэр цагийг хэрхэн сайхан өнгөрүүлсэн талаарх яриа ноён Бекхэмын эхнэр Викториягийн сонорт хүрэхэд тэрээр тэр даруй өрсөлдөгч рүүгээ утасдаж нөхрийг нь тайван орхихыг шаарджээ. Гагцхүү Ребекка Луз түүний зөвлөгөөг дагасангүй харин ч нөхөртэй нь уулзалдсан хэвээр байжээ. Тэдний хамгийн сүүлчийн уулзалт 12-р сард болсон бөгөөд үүний дараа Дэвид Бекхэм аюултай энэ холбоог дуусгавар болгохыг илүүд үзжээ. Гэвч үүний дараа ч нууц амрагууд ойр дотно үгстэй мессежээр харилцсаар байжээ.
Хамгийн алдартай хөл бөмбөгчтэй хайр сэтгэлийн холбоотой болсон талаараа дэлхий дахинд мэдэгдэхийг хүссэн явдлаа хагатай Луз үнэнийг цаашид нуухыг хүсээгүй хэмээн тайлбарлажээ. Гагцхүү “чин шударгаар амьдрахыг” хүссэн хатагтай Лузын хүчин чармайлтыг News of the World шар сонин 300 мянган фунт буюу 550 мянган доллараар үнэлсэн нь тодорхой болжээ. Тус сонин хамгийн түрүүн Голландын дипломатчийн 26 настай охин, Мадрид дахь Английн хамгийн нэр хүндтэй сургууль Runnymede College-д боловсрол эзэмшсэн бүсгүйн дуулиант ярилцлагыг нийтэлсэн юм. Үүний дараа хатагтай Луз телевизээр гарсан нь түүнд ахин 500 мянган фунт буюу 909 мянган доллар халааслах боломж олгосон юм.
Ребекка Лузын дуулиан тарьсан энэ явдлаас бараг долоо хоногийн дараа Дэвид Бекхэмыг “эзэмших” эрхийг хуучин дуудлагын бүсгүйгээр ажиллаж байсан 29 настай Сара Барбек эдлэв. Тэрээр хоёр жилийн туршид алдартай хөл бөмбөгчтэй холбоотой байсан хэмээн батлаж эхлэв. Ноён Бекхэмтэй дотно харилцаатай байсан нарийн ширийнийг Сара Марбек өнөө л News of the World сонины хуудаснаа дэлгэж, илэн далангүй байдлынхаа төлөө 430 мянган фунт буюу 800 мянган доллараар шагнуулжээ.
Ребекка Луз болон Сара Марбекийн нууцаасаа хуваалцсанаас дэгдсэн дуулиант хэрэг намдаагүй байтал ахин шинэ дуулиан дэгдэв. Аравдугаар сарын эхээр Британийн шар сонин Sunday Mirror Английн шигшээ багийн ахлагчийн нууц амрагуудын эгнээнд 22 настай Даниэль Хит нэмэгдсэнийг тунхаглав. Тэрээр ноён Бекхэм түүнтэй өөрийн Мадрид дахь байшинд хоёр ч удаа унтсан хэмээн зарлав. Үнэн гэдгийн баталгаа болгож хатагтай Хит Бекхэмийн зөвхөн ойр дотны харилцаатай хүмүүсийн л мэдэж болох биеийн физиологийн хэд хэдэн онцлогийг дүрсэлжээ. Энэхүү сонирхол татам яриа нь хатагтай Хитэд алдар нэр бас 40 мянган фунт буюу 70 мянган доллар авчирчээ.
Эцэст нь тэр хэлсэн
АНУ-д 80 настай Герберт Бреслины “Хаан ба би: Лучано Павароттигийн алдарт хүрсэн замналын тухай түүний найз, бас дайсан Импресариогийн ярьсан түүх” хэмээх удаан хүлээгдсэн ном хэвлэлээс гарчээ. New York Times сонины хөгжмийн шүүмжлэгч Энн Миджеттэй хамтран бичсэн, мөн 36 жилийн турш агуу итали эрийн импресариогоор ажилласан ноён Бреслин дуучны бусад хүмүүсийн бараг мэддэггүй зан чанарын тухай дэлгэж, түүнийг тийм ч таатай хүн биш ч гэсэн үй олон нууц амрагтай байсан тухай дүрсэлсэн байна. Нууц амрагууд нь гол төлөв түүний нарийн бичиг хүүнүүд байв.
Тэдний нэг, Питтсбургийн унаган иргэн Мадлен Рене агуу тенор дуучныг бараг л амиа хорлоход нь хүргэсэнгүй. Ами хорлох гэсэн оролдлого нь зөвхөн техникийн шалтгаанаар л бүтэлгүйтсэн байна.
Хатагтай Рене өндөр боловсролтой, маш царайлаг бас авъяаслаг дуурийн дуучин бөгөөд Лучано Павароттитой дотно танилцсан явдал нь түүний ажил амьдралын замналд тус хүргэсэн гэхээсээ хор болсон ажээ. Ноён Паваротти өөрийн нэр хүндээрээ импресариод дарамт шахалт үзүүлэх зуршилтай бөгөөд түүний концертын хөтөлбөрт хатагтай Рене заавал багтах ёстой гэж шаарддаг байсан нь бусад дуурийн одуудад огт таалагддаггүй байв.
Нэгэн удаа Герберт Бреслин руу сэтгэл нь маш ихээр хөдөлсөн ноён Паваротти утасдаад Мадлен Рене түүнийг хаясан тухай хэлжээ. “Би үүнийг тэсч гарч чадахгүй нь. Би онхоор үсэрлээ” хэмээн дуучин ухаан солиорох шахам хашгичиж байв. Импресарио бүгдийг хаяж нэн даруй Нью-Йоркоос тухайн үед Павароттигийн байрлаж байсан Чикаго руу нисч, улмаар үйлчлүүлэгчтэйгээ уулзахын өмнө ноён Павароттигийн референт Жованна Кавальеретэй зөвлөлдөхийг илүү дээр гэж үзжээ. Гагцхүү түүний сэтгэл зовнисон яриа түүнд ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй. “Тэр яаж ч чадахгүй ээ. Тэр зүгээр л цонхоор багтахгүй шүү дээ” хэмээн тайвнаар хариулж байв. Түүний зөв байлаа, тун удалгүй агуу тенор шинэ нарийн бичигтэй болж улмаар түүний хоёр дахь эхнэр нь болсон юм.
Алдарт дуучны амьдралын дээрх болон бусад сонирхол татам дэлгэрнгүй өгүүлийн ачаар Герберт Бреслины хамгийн шилдэг борлуулалттай ном болж зохиогчид хэдэн сая төгрөгийн орлого оруулав. Гагцхүү ноён Бреслигийн баталж байгаагаар өөрийн энэхүү сэтгэгдлийг мөнгөний төлөө хийгээгүй, учир нь тэр хангалттай хангалуун амьдардаг хэмээн баталж байгаа юм. 30 гаруй жил Лучано Павароттигийн агентаар ажилласан Герберт Бресли ийнхүү үүгээрээ нэлээдгүй хөрөнгөжжээ. Сүүлийн жилүүдэд дууучин ганц Metropolitan Opera- д хийсэн ганц тоглолтынхоо төлөө 15 мянган доллар, цэнгэлдэх хүрээлэн дэхь концерт бүрээсээ 300 мянган доллар авч байгаа бөгөөд үүнээс ноён Бреслинд 10-20 оногддог байжээ. Лучано Паворотти түүнийг баян хүн болгосон ч хэдхэн жилийн өмнө дуулиантайгаар хагацсан ивээн тэтгэгчийнхээ талаар муу зүйлийг ярихад түүнд юу ч садаа болсонгүй.
Эх сурвалж www.wikimon.mn