Лас-Вегасын алуурчин Стивен Пэддокийн зочид буудлын өрөөнд нэгжлэг шалгалт хийсэн цагдаа нар орны хажуу талын шүүгээнээс нь нэгэн зурвас олжээ. Цаасан дээр тэмдэглэсэн уг зурваст алуурчин зочид буудлын цонхноос тоглолтын талбай хүртэлх зайг тооцоолсон байна.
Энэхүү тооцооллын тусламжтайгаар Пэддок оновчтой буудаж байсан бололтой. 64 настай Стивен Пэддок нь “Мандалай-Бэй ”казино бүхий зочид буудлын цогцолборын 32 дугаар давхраас задгай талбайд зохион байгуулагдсан кантри хөгжмийн наадамд цугласан олон руу буудсан юм. Энэ хэргийн улмаас 59 хүн амиа алдаж, 527 хүн шархадсан билээ.