Дархан-Уул аймгийн онцгой комиссын 2017 оны аравдугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр Дархан- Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2017 оны 10-р сарын 08-ны өдрийн 14:00 цаг хүртэл түр хугацаагаар хаалаа. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Мөн Архангай аймаг, Цагаандаваа чиглэлийн замд халтиргаа гулгаа үүссэн, одоогийн байдлаар тус аймгийн АЗЗА ажиллаж, нэг чиглэлийн замаар хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Иймд эрхэм зорчигч та бүхнийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчиж, зорчигч тээвэрлэх эрх бүхий газартай байгуулсан албан ёсны гэрээтэй компанийн, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна гэж Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээлэв.