Цагдааг сүрдүүлсэн Д.Батбаярт залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ

2017-10-02 15:25
tsagdaa

Өнгөрсөн долоо хоногт (2017.09.27) Төв шуудангийн урд замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа н.Отгонбаатар руу танхайрсан “Ланд 200” маркийн автомашинтай Ц.Баярцогт гэх иргэнийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Зөрчлийн хуулиар түүнд 250 мянган төгрөгийн торгууль ногдуулсан болохыг  Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

Энэ хуулийн  15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг 250 мянган төгрөгөөр торгоно, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Тэрбээр “Саранфинанс” ББСБ- ын захирлаар ажилладаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийны амны алтыг хууль бусаар алт олборлож 160 сая гаруй төгрөгийг бусдаас залилжээ. Түүнд мэхлүүлсэн иргэн Д.Батбаяр нь “Баян суут” гэх компанид 115 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхдээ орон гэр болон ах дүү хамаатан садныхаа газрыг барьцаалсан байжээ.

Гэтэл тус компани нь хууль бус алт олборлодог компани болох нь тогтоогдож өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй байна. Тиймээс мөнгөө авахын тулд цагдаагийн байгууллагад хандсан боловч мөрдөн байцаагчийг нь ямар нэгэн үндэслэлгүйгээр хэд хэдэн удаа сольсон аж. Үүнээс болоод иргэн Д.Батбаяр “Миний үхэлд Нийслэлийн прокурорын Сандагсүрэн, Нямдорж нар буруутай” гэсэн гэрээслэл бичиж амиа хорлох оролдлого хийж, судсаа ханасан байна.

Түүний энэ үйлдэлтэй холбоотойгоор хэрэгсэхгүй болсон дээрх хэргийг Прокурорын байгууллагаас дахин сэргээж, Эрүүгийн хуулийн 148.4, 214.2-т заасан бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилсан, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд өгчээ. Шүүх хурал энэ сарын 4-нд болох аж.