2017-09-30 10:001min024

Замын цагдааг сүрдүүлсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэлээ

9898

Төв шуудангийн уулзварт замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа н.Отгонбаатар руу танхайрсан  иргэнийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ хэрэг өнгөрсөн лхагва гаригт (2017.09.27) болсон бөгөөд бичлэг нь өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд цацагдсанаар  иргэдийн бухимдлыг төрүүлсэн юм.

Бичлэгт танхайрсан этгээд нь 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд 200” маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцохдоо бичиг баримтын зөрчил гаргажээ. Тэрбээр зөвшөөрөлгүй дуут дохио ашигласан байсныг замын цагдаа зогсоож илрүүлэн шалгах үед хэл амаар сүрдүүлсэн аж. Дуут дохионы зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тусгай шаардлага хангасан машинд ашиглахыг зөвшөөрдөг журамтай.

Энэ бичлэгийг үзсэн Хууль зүйн дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Энхбаяр нар “Төрийн цагдааг албан үүргээ гүйцэтгэснийхээ хариуд танхайрч, доромжилсон этгээдийг олж, заавал хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ” гэдгээ өөрсдийн твиттер хуудаснаа жиргэж мэдэгдлээ. Дээрх хэргийг байсан Замын цагдаагийн албаны цагдаа утсан дээрээ баримтжуулж авсан байна.