Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв” нь БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Койка” /KOICA/, БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын томоохон корпорациудын нэг болох “To be soft” Co.,Ltd, “Epal” Co.,Ltd компанийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч Эм Кэй Ай Ти “MKIT” сургалтын төвтэй хамтран програм хангамжийн мэргэжлийн суурь сургалт болох Жава болон вэб хөгжүүлэгчийн 2017 оны 2-р ээлжийн үнэ төлбөргүй сургалтыг 3 сарын хугацаанд зохион байгуулж төгсөлтөө хийлээ. Жава хөгжүүлэгчийн сургалтыг 11, Вэб хөгжүүлэгчийн сургалтыг 22 суралцагч амжилтай төгсөж өнөөдөр сертификатаа гардан авлаа.
“Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвийн захирал Ш. Төгсбаяр “Манай сургалтыг зорин ирж амжилттай төгссөн та бүхэндээ баяр хүргэе. Цаашид бид мэдээллийн технологийн чиглэлээр олон залуучуудыг сургаж, гадаадаас ажлын захиалга авч Монгол залуучуудаараа гүйцэтгүүлэх бодолтой байгаа. Энэ жил манай сургалтыг амжилттай төгссөн 4 залуу MKIT сургалтын төвд ажиллаж байгаад Солонгос улс руу 3 сарын хугацаанд дадлагажих ажилтнаар явсан. Сая бид очиж хэрхэн ажиллаж байгаатай танилцаад ирлээ. Монгол залуучууд маань хаана ч очсон ажлын ур чадвар тал дээр гологдохгүй сайн ажиллаж байна” гэв.
“Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвийн менежер А.Амарсанаа “Манай сургалтын төв хичээлийн явц болон шалгалтын дүнгээрээ өндөр оноотой болон хичээлийн ирцийг 90-ээс дээш хувийг хангасан суралцагчдад цаашид мэдээллийн технологийн “Бизнес инкубатор” төвийн үйл ажиллагаанд хамрагдаж гадны санхүүжилттэй төсөл дээр хамтран ажиллах бололцоог олгох юм” гэлээ.
“Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”, “Эм Кэй Ай Ти”/MKIT/ сургалтын төв хамтран Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулж дэлхийн түвшинд хүргэх зорилгоор мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн боловсон хүчнийг оффисын програмууд болон интернетийн орчинд ажиллуулж сургах сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж байгаа тул сонирхсон иргэд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар”, MKIT Educational Center гэсэн пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл авч, сургалтад хамрагдахыг урьж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
1 comment
delgerengui medeelliig haanas olj medeh be?