Уржигдар эхэлсэн МАН–ын Бага хурал өчигдөр үүрээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Бага хурлын 294 төлөөлөгчийн 188 нь буюу 63.9 хувь нь У.Хүрэлсүхийг дэмжиж, 101 нь Ө.Энхтүвшингийн төлөө, тав нь Н.Энхболдын төлөө саналаа өгсөн байна. Ингэснээр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг эрх баригч МАН–аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр УИХ–д өргөн барих болж байгаа юм.
Угтаа У.Хүрэлсүх Ерөнхий сайдын сунгаанд ялсан нь тохиолдлын хэрэг биш юм.
МАН–ынхан зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш өөр хоорондоо толхилцон, адгийн аргаар бие биетэйгээ шөргөөцөлдөх болсон юм биш. Илэрсэн хэлбэр, цаг хугацааны хувьд нь өмнөх Ерөнхий сайд, удахгүй эрхээ баталгаажуулах Ерөнхий сайд нарын хоорондынх мэтээр харагдаад байсан. Гэвч үгүй юм. Ерөөс Монголын улс төрд урт удаан оршин тогтносон ХАР ХҮЧ–ийг зайлуулах улс төр, нийгмийн сэтгэлзүй нэгэнт бэлтгэгдсэн байв. Ингэхээр МАН–ын Бага хурлын энэ удаагийн шийдвэр ХАР ХҮЧ–ний л эсрэг юм гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
МАН–ын Бага хурлын өмнөхөн НИТХ–ын дарга Ц.Сандуй огцорсон. Ингэснээр нийслэл маань 22 жилийн дараа М.Энхболдын хяналтаас гарсан. Үндсэндээ ХАР ХҮЧ нийслэлд ийм удаан хаанчилсан байгаа юм.
МАН–ын Бага хурлаар гурван хүн Ерөнхий сайдад өрсөлдлөө. У.Хүрэлсүхээс гадна Ө.Энхтүвшин, Н.Энхболд хоёр байв. Туршлага, нэр хүндийн хувьд ярихын аргагүй улстөрчид шүү дээ.
Гэхдээ нэгэнт ХАР ХҮЧ–ний эсрэг зогссон нийгмийн, бас МАН доторх давалгааг тэд сөрж чадсангүй. Тэгэх ч аргагүй нөхцөл үүссэн.
Ө.Энхтүвшин 101 хүний санал авсан байгаа юм. МАН–ын дарга байсан, элдэв хар зүйлд нэр холбогдоогүй, маш зарчимч, ихээхэн нэр хүндтэй энэ эрхэм намынхнаасаа дэмжлэг авах бүрэн боломжтой байв. Гэвч журмын нөхөд нь У.Хүрэлсүхэд илүү итгэлээ. Ганц л юмнаас болсон. Хэрэв Ө.Энхтүвшинг Хотын фракц дэмжиж байна гээгүй л бол 30 дахь Ерөнхий сайд тэр болох байсан. Шуудхан хэлэхэд, Бага хурлаас өмнө элдэв мэдэгдэл, янз бүрийн яриа, тохироо хийлгүй “заалнаас” нэр дэвшсэн бол өдийд Ө.Энхтүвшин л дараагийн Ерөнхий сайд болох байсан биз. ХАР ХҮЧ л түүнийг унагасан.
Н.Энхболдын хувьд сайн улстөрч, олон жилийн туршлагатай. Гэвч Н.Энхболд бол С.Баяр гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ХАР ХҮЧ–ний төлөөлөл. Тэгэхээр МАН–ынхан С.Баярт өгч байгаа үнэлэлт, дүгнэлт, хариулт гэж ойлговол зохилтой.
Юутай ч МАН–ынхан ХАР ХҮЧ–ний эсрэг босч, У.Хүрэлсүхийгээ Ерөнхий сайдад дэмжлээ.
У.Хүрэлсүх УИХ дээр түүртэхгүй. 100 дөхүү хувийн саналаар л Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болчихно.
Ингээд морин дэл дээр хувьсгал хийхэд амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэхэд хэцүү гэдэг шиг юм эхэлнэ дээ.
Өнөөдөр Монгол Улсын өмнө хамгийн тулгамдсан зүйл бол эдийн засгийн уналт байгаа. Он гарангуут 500, нэмээд 100 гаруй, нийлээд 600 гаруй сая ам.долларын өрийг төлөх ёстой. Засаг байгуулагдах гэсээр удвал энэ мөнгийг бүрдүүлэх бонд босгоход ч бэрх болно. За, тэгээд завхарсан юм энэ улсад зөндөө байна даа. Тиймээс 30 дахь Ерөнхий сайдыг уул шиг том ажил хүлээж байгаа юм. Бас хэцүү даваануудтай тэрээр олон удаа нүүр тулна.
У.Хүрэлсүх намынхаа Бага хурлын гишүүдийн олонхийн санал авчихаад индэрт гарахдаа “…Ард түмэнд амласан амлалтаа биелүүлэх ёстой” гэж мэдэгдсэн байна лээ. Тэгэхээр МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтыг биелүүлэхээр зүтгэнэ гэсэн үг. Ер нь бол Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг том эрх мэдэл, том хариуцлага л даа. Дээр дурдсан хийх ёстой зүйлээ хийж л таарна. Гэхдээ У.Хүрэлсүх гэдэг хувь улстөрчийн хувиар ямар Ерөнхий сайдын албан тушаалыг яаж хашиж, ямар тоглолт хийх вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Сонирхолтой байна гэсэн ч болно. Ингэхээр түүнийг юу хийх бол гэдэг хүлээлт нийгэм даяар байна. Өнөөдөр түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо гэхэд “…Зөв” гэж байгаа хүн олон байна. Энэ бол итгэл. Итгэлийг яаж даах нь одоо У.Хүрэлсүхээс шалтгаална. Тэр итгэлийг хариуцлага дагаж байгаа гэдгийг бас санах ёстой.
9-27-1
Ухнаагийн Хүрэлсүх нь 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1989 онд БХИС–ийн Улс төрийн курс, 1994 онд ТЗУХИ–ийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС–ийн ХЗДС–ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1989-1990 онд МАА–ийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН–ын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН–ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН–ын Залуучууд хөгжил төвийн ерөнхий захирал, 1997-1999 онд МАСЗХ–ны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН–ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2005 онд МАСЗХ–ны ерөнхийлөгч, 2000-2007 онд МАХН–ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2000-2004 онд УИХ–ын гишүүн, 2004-2008 онд УИХ–ын гишүүн, 2004-2006 онд Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд, 2006-2008 онд Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч, 2008-2012 МАН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд УИХ–ын гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд, 2016 оноос Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна. Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа ажээ.
У.ХҮРЭЛСҮХ “ШИНЭ СЭРГЭЛТ”-ИЙГ ИНГЭЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮ?
У.Хүрэлсүхээс бид юу хүлээж болох вэ. Үүнд хариулт авахын тулд Ерөнхий сайдад өрсөлдөхөө мэдэгдсэн үедээ, ойрын үед юу хэлж байсныг нь сануулъя.
У.Хүрэлсүх:
–Энэ бол үймээн биш. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж байгаа нь энэ. Нийгэмд шударга ёсны хэмжүүр алдагдаж, төрт ёс, хууль журам уландаа гишгэгдсэнээс үүссэн ард түмний эсэргүүцлийн салхи гэж би бодож байна.
–Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа.
–Нийгмийн баялаг хэдхэн эрх мэдэлтний гарт нууцаар төвлөрч, ард иргэдэд ямар ч хүртээмжгүй байдлаар зарцуулагдаж, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор байна.
–Баян, хоосны ялгаа туйлдаа хүрлээ. Одоо л энэ байдалтай цаг алдалгүй тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоож, бодлогын эрс шийдэмгий томоохон өөрчлөлт хийхгүй бол жинхэнэ утгаараа үймээн болж, нийгмийн эмх замбараагүй байдал бий болоход ойрхон боллоо.
– Бүр сүүлдээ хууль хяналтын байгууллагууд ч энэ бүлэглэлийн өмнө толгой гудайлган, гар хөл нь болон үйлчилдэг болоод байна.
–Би нэг зүйлд их харамсаж байгаа. Энэ намын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн, мэдлэг боловсролтой, төрийн албаны дадлага туршлагатай, итгэл сэтгэлтэй намын олон зуун гишүүн гудамжинд үлдэж, хэзээ, хаана явсан нь мэдэгдэхгүй, дээгүүр харсан дэвхрэгнүүдээр төрийн алба дүүрсэн.
–Сайд нь Төрийн нарийнаа, Төрийн нарийн нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа больсон. Зүйрлэж хэлэх үг ч олдохгүй юм.
–Эрх барьж байгаа намын нүүр царай нь Засгийн газар байдаг. Бүх анхаарал Засгийн газар дээр төвлөрдөг. Засгийн газар хэрхэн ажиллахаас намын нэр хүнд, сонгуулийн үр дүн шууд шалтгаална.
–Засгийн газрын гишүүдийнхээ хувийн болон нэгдмэл ашиг сонирхолтой компаниудад 807.8 тэрбумын концесс өгдөг бусармаг явдал.
–“Эрдэнэт”, “Монросцветмет” зэрэг томоохон үйлдвэрийн асуудлаар УИХ нь шийдвэр гаргачихаад байхад хэрэгжүүлэхгүй байгаа.
–“Цагаан суварга” зэрэг уул уурхайн баялгаа цөөхөн хэдэн эрх мэдэлтэнд завшуулдгаа больё.
–Хөгжлийн банк, Монголбанк, нөгөө алдарт бондын асуудлаар буруутнуудад хариуцлага тооцохгүй хаацайлаад байгаа.
–Ардын намыг сонгуульд ялагдуулсан нэг хүчин зүйл бол ард түмний дургүйцлийг төрүүлж буй, төрийн албыг үнэлж зарах тухай 60 тэрбумын асуудал. Бид энэ асуудлаар хариуцлага тооцох ёстой. Эс тэгвээс Ардын нам 2020 он болон дараа дараагийн сонгуульд амжилтгүй оролцох том шалтгаан болно. Саяхан явуулсан мэргэжлийн байгууллагын судалгаанд оролцсон нийт иргэдийн 72 хувь нь 60 тэрбумын асуудлаар хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Тэгэхээр бид энэ асуудалд холбогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, эс бөгөөс ард түмэн Ардын намтай хариуцлага тооцох гэсэн хоёр сонголтын өмнө нүүр тулаад байна.
–Ардын нам бол ард түмний нам болохоос олигарх цөөнхийн өмч байж болохгүй. Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай. Ардын нам цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинжлэх ухаанч, ил тод, хаалттай биш, нээлттэй нам байх ёстой. Тиймээс бид эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хөгжлийн бодлогод суурилсан, олон нийтэд тулгуурласан орчин цагийн дэвшилт нам болон хөгжиж, түүхт 100 жилийн ойгоо угтах ёстой.
–Шинэ цагийн “Хичээн эрмэлзэх зүйл”-ээ тунхаглан зарлах цаг болжээ. “Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол бидэнд цаг алга. Хамгийн гол нь монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах учиртай. Ингэхийн тулд бидэнд “Шинэ сэргэлт” авчирсан шийдэмгий бодлого хэрэгтэй байна.
Нэгдүгээрт. Баялгийн тэгш хүртээмжтэй, шударга хуваарилалт. Бид стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн орд газруудаа түшиглэн баялгийн сан байгуулах ёстой. Мөн баялгийн сандаа тулгуурлан хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал гэх мэт эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болжээ.
Хоёрдугаарт. Төрийн нэгдсэн стандарт. Төрийн алба нь аль социализмын үеийн тэр л бүтэц системээрээ ажиллаж байна. Энэ олон ашиггүй, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, үйл ажиллагаа нь уялддаггүй яам, тамгын газруудыг төрийн нэгдсэн стандарт гаргаж эмхэлж цэгцлэх цаг болжээ.
- Дарга, цэргийн цалин хангамж, албан тасалгааны хэм хэмжээ, хот хөдөөд унах унаа, тусгай дуут дохионоос эхлээд эдлэх эрх ямбыг нэг стандартад оруулах хэрэгтэй.
- Үндсэн хуулийг өөрчлөх замаар төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгох хэрэгтэй.
- Улс төрийн намууд хандив нэрээр авлига авч дараа нь түүндээ барьцаалагддаг асуудлыг нэн даруй цэгцэлж, намуудын санхүүжилтийг ил тод болгох шаардлагатай.
- Төрийн үйлчилгээ ч хүнд сурталгүй, заасан цаг хугацаа, заавраасаа эхлээд бүх зүйл шилэн болох ёстой.
- Улс төр нь солигдсон ч төрийн мэргэшсэн албан хаагч нь тогтвортой ажилладаг эрх зүйн орчин бүрдэх учиртай. Ингэж байж төрийн бодлогын залгамж чанар хадгалагдаж төрт ёс эмх цэгцтэй болно.
Гуравдугаарт. Үндэсний ялгарал ба соёлын дархлаа. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт дунд монголчууд бид хаана байх ёстой вэ. Бидний хамтын мөрөөдөл, хүрэх цэг юу юм бэ. Нүүдлийн соёл иргэншил, түүнд шингэсэн соёлын өвөө орчин үеийн иргэншилтэй, шинэ үеийн иргэдтэйгээ хэрхэн уялдуулах вэ? Бид зүүний, барууны хөгжил гэж зөндөө л ярилаа. Тэгвэл Монголын хөгжлийн төсөөлөл ямар байх ёстойг цаг алдалгүй тодорхойлох шаардлагатай болоод байна.
Дээрх бол Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн үг, бодлого. Түүний ажлын зарчим, анхаарах зүйл нь эдгээр юм байна гэж ойлголоо. Чухамдаа бондын өр зэрэг бол цаг зуурын л асуудал. Унасан эдийн засгийг ухаан гаргавал өсгөж бас болох байх. Харин У.Хүрэлсүх ярьж, тунхагласан шигээ бодлогын, тогтолцооны өөрчлөлтүүдийг хийгээд ажиллавал ард түмний итгэл хөсөрдөхгүй билээ.
Эх сурвалж: Б.ДАМДИН–ОЧИР
10 comments
Хүрэлсүхийг чадна гэж итгэж байна ард түмэн.Итгэлийг зөв санаа, хичээл зүтгэлээр хариулах хэрэгтэй шүү.амжилт
одоо ёстой хямралыг үзүүлж нотолж өгнөдөө ард олон минь яаандаа
Хүрэлсүх шиг тууштай, итгэлтэй хүн үгүй байх. Намдаа хэт үнэнч туйлбартай байдал нь түүнд цогтой тэмцэгчийн дүр төрхийг бий болгосон. Энэ хүн л энэ төрийг зөв гольдролд нь оруулж чадна.
Neg ih tuushtai temtsegch geh ner hayagiig zuuh arai l boloogui dee. aldag onog, avan shuurewn hiisen yum bii baih oo. ongiroo, sagsuu zangaa uhaan ni diilj garval sain daa.Ongiroo sagsuu zan chanar ni hoorch shoudaad ,har piaraa hiigeed yavchihbalch tun hetsuu bolnoo. Sayanii songuulias hoish hiisen uildliig shinjleed iim dugnelj hiij tand sanuulah baina.
Khurelsukhiin hamgiin ehnii ajil bol dotood tsewerlegee. MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ystoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh heregtei.
Ардын засаг МАНдтугай
Ерөнхий сайд зөв хүн болж байгаа Ард түмэн Хүрэлсүхийн тал байна.
Eronhiilogchiin tunhaglasan 30 aild ooroo ch bagtaj baigaa gej ard tumen harj baigaa,nogoo tald ni taniig demjij zasag unagaaltssan nohod dotor Su Batbold Garamjav avgai geed nileed ni ter 30 aild bagtah.Odoogoor bagtaagui yum gehed bagtahiin tuld dahin huviarlalt hiilgej ter dund bagtahiin toloonoo zasgaa unaltssan humuus gevel unend oir . Ta ooroo ch bas 14 terbumiin hereg zuugdej yavaa. Ene bugdiinhee uchriig olj itgel huleelegsen jurmiin nohoddoo tailagnah bizdee Ene tuhai niard tumend ch davhar medee ireh baih gej naidiya aa
Hurelsuhiin ug mash huchtei setegdel turuulj BNA. Hervee nee Helen zuilsiin 80%-g hiihed l mash ih uurchlult bono. Mongolian tuluu zurh n’ tsohilj chadah zorigtoi, tuushtai zorilgodoo unench baih trim bag humuuseer burduulj chadah yum bol davj garch taaraa. Teri chadamj deer shine erunhiilugchteigee gar niilvel bur ch Amar bono. Bidnii itgel nee 2 hun deer l bain dada. Burgan iveeg!!!
60 тэрбумын гол эзэн М.Энхболдод хариуцлага тооцож байж МАН урагшлан. Энэ хүн цагаандаа гарсан том жижиг гээхгүй бүх томилгоонд одоо ч оролцсон хэвээрээ байгаа. Энэ хүнийг намын дарга бөгөөд УИХ-н даргаас буулгаж байж Хүрэлсүх тайван ажилаа хийх болно. М.Энхболд яг юунаас болж нэр хүндээ алдсанаа одоо ч ойлгоогүй бн. Эргэн тойронд байгаа дэндүү шуналтай чадваргүй тэнэгүүдээс болж ийм байдалд орчихоод одоо ч энэ тэнд албан тушаалын наймаа, хүний шахаа хийсээр байгааг шинэ Хүрэлсүх анхааралдаа авах хэрэгтэй. М.Энхболд ямар ч жудаггүй Монголын төрөөс авах бүгдийх авсан мөртлөө монголын төрийн төлөө ямар ч сэтгэл гаргахгүй байгаа. Одоо ч ард түмэн болон намын нөхдүүд нь ойлгосон болотой. Энэ хүнээс хэр хурдан сална төрийн ажил ч тэр хэмжээгээр урагшална.