ОХУ-ын “Холбооны Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх хоёрдугаар ээлжийн 1,280,700 тун вакциныг өчигдөр (2017.09.24) хүлээн авчээ. Нэн тэргүүнд Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1,3 сая толгой малыг вакцинжуулах юм байна. Харин дараа нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 150,0 тун вакциныг тус тус хуваарилж, хүргүүлэхээр төлөвлөжээ.
Тус улсын Засгийн газартай байгуулсан Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар өнгөрсөн долдугаар сарын 31-нд эхний ээлжийн 1.3 сая тун вакцин авсан билээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны 06 дугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон олон улсын эдийн засгийн 21 дүгээр чуулганд оролцох үеэр “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад 4 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.