Ус цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Аравдугаар сард Монгол ооны нийт нутгаар ерөнхийдөө 1-4 градус дулаан байдаг. Тодруулбал,уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 0-4 градус хүйтэн, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 5-9 градус, бусад нутгаар 1-4 градус дулаан байдаг. Увс, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд хэсгээр 12-17 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Хэнтийн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун, Өвөрхангайн зүүн хэсгээр 1-5 мм, бусад нутгаар 6-11 мм хур тунадас ордог.
Тэгвэл энэ жилийн аравдугаар сард Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Хөвсгөл, Дундговийн зүүн, Булганы баруун хойд, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг, Архангай, Говь-Сүмбэр, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн ихэнх нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Эх сурвалж: УЦУОШГ