Есдүгээр сарын 21-нд жүүдүүд шинэ оноо угтан Рош ха-Шана баяраа тэмдэглэв. Тэдний шинэ оныг угтах баяр гацуур чимэглэж шинэ жилээ угтдаг бидний дадал болсон баяраас тэс огт өөр. Рош ха-Шана баяр гэж ямар утга санааг илэрхийлдэг байх вэ. Яагаад энэ өдөр еврейчүүдэд 2017 биш 5778 он болж байгаа тухай бяцхан тайлбар өгүүлье.
Еврейчүүд өөр нэгэн хуанлийн дагуу амьдаг уу?
Еврейн хуанли нь олон орны хэрэглэдэг Григорианы хуанлитай таардаггүй. Он тооллоо еврейчүүд Христийн зул сараас биш Ертөнцийг бурхан бүтээсэн хугацаанаас эхлэн тоолдог. Тийм учраас 2017 онд тэд 5778 жил ирж буйг тэмдэглэж байна. Энэ хуанли нь сар-нарных гэгдэх бөгөөд хамгийн ээдрээтэйд тооцогддог.
Рош ха-Шана баяр нь еврейн хуанлийн тишрей сарын эхний өдөр тохиодог. Бидэнд дадал болсон Григорианы хуанлитай зөрөлддөг учир баяр дандаа нэг өдөр болж таардаггүй. Учир нь еврейн хуанлийн нэг өдөр нь Торо судрынх нь дагуу эхэлнэ. Үнэн хэрэгтээ бол энэ баяр нь баяр хэмээн тэмдэглэгдэж байгаа өдрийн урд орой нар жаргаснаар эхэлдэг байна.
“Рош ха-Шана” гэсэн үг ба баярын утга
Рош ха-Шана гэсэн үг нь эртний еврей хэлнээс “оны тэргүүн” гэж буудаг. Энэ өдөр ертөнц Бурханы шүүхээр шүүгдэж байгаа гэж үздэг ба сүсэгтнүүдэд өнгөрсөн оныхоо үйлдлийг дүгнэн цэнгэж, нүгэлээ наминчлах 10 өдөр өгөгддөг. Нүглээ наминчилсан өдрүүдийг “Өршөөлийн өдөр” буюу “Шүүх өдөр” гэгдэх Йом-Кипур гэдэг баяр төгсгөн тэр өдөр ирж буй оны хүний хувь заяаг тодорхойлдог аж.
Рош ха-Шана баярын ширээ ямар байх ёстой вэ?
Тишрей сарын эхний ба хоёр дахь өдөр хоол бэлтгэхээс өөр ямар нэгэн ажил хийхийг хориглодог. Уламжлалаар Рош ха-Шана баяраар алимыг зөгийн баланд дүрэн иддэг ба тийм хоол нь жилийн билгэдэл болно. Мөн баярын ширээнд лууван, улаан манжин, хулуу, финик жимс ба загас эсвэл хонины толгойг тавьдаг ажээ.
Ирж буй оныг таатай болоосой гээд хало гэх талх иднэ. Анар жимс баярын ширээнд заавал ч үгүй байх чимэг. Энэ жимс жүүдийн номлолын сургуулийн тоотой яг таарах 613 үртэй гэж үздэг. Харин самар иддэггүй. Учир нь иврит хэлээр нүгэл гэсэн үгийн утгатай адил гэдэг юм. Баярын өмнөх өдөр жүүдүүд бие биедээ баяр хүргэн “Амьдралын номонд” бичигдсэн байхыг ерөөдөг аж.
Бэлтгэсэн: М.ЭРДЭС