MS-13 нэрээрээ алдаршсан Мара Сальватруча нь дэлхийн хамгийн харгис, аюултай гэмт хэргийн бүлэглэлд тооцогддог. Тус бүлэглэл гэмт хэргийн бусад синдикатуудын адил их хэмжээний орлоготой болж чадаагүй ч зүй бус авир, муу нэрээрээ Америк тив даяараа зүрхэнд шар ус хуруулдаг юм. Тэгээд ч гэмт бүлэглэлийн гишүүдийн эрмэлздэг гол зүйл бол замдаа таарсан хэн бүхнийг айлгах явдал.
Өдгөө энэ бүлэглэл АНУ-ын 42 мужид, Латин Америкийн хэд хэдэн улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Янз бүрийн мэдээллээс харахад тус бүлэглэл 70-100 мянган гишүүнтэй аж. Тэдний орлогын гол эх үүсвэр нь Мексикээс нийлүүлдэг мансууруулах бодисын худалдаа.
Энэхүү гэмт бүлэглэл харгис хэрцгийгээрээ алдартай. Бүлэглэлийн гишүүдийн хамгийн дуртай зэвсэг нь сэлэм. Тэд зарим хүмүүсийн толгой, бэлэг эрхтнийг таслан хөнөөж, дараа нь түүгээрээ нохой хооллодог гэнэ. Мөн золионы хүнийхээ цогцсонд хутганы 13 мөр үлдээдэг нь Мара Сальватручатай орооцолдвол ийм юм болно шүү гэж бүгдэд анхааруулсан тэмдэг болдог аж. 13-ын тоо бол “Los Emes”, “Ths Ms” бүлэглэлийн илгээмж буюу “М” үсэг латин үсгийн ихэвчлэн 13 дугаарт бичигддэгийг илэрхийлнэ. “Mara” гэдэг нь гэмт этгээд гэсэн утгатай. Mara Salvatrucha хэмээх нэрийг яг үгчилж хөрвүүлбэл “Сальвадорын тэнүүлч шоргоолжнуудын гэмт бүлэглэл” гэсэн утгатай.
Тэд хүн алж, мансууруулах бодис худалдахаас гадна хүний наймаа эрхэлж, албан бие үнэлүүлж, рэкет хийдэг. MS-13-ын гишүүдийн үйлдсэн хамгийн дуулиан тарьсан гэмт хэрэгт 2002 онд Бостоны дагуул хотод хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хоёр охиныг хүчирхийлсэн нь тооцогддог. Охидын нэг нь саажилттай учраас тэргэнцэртэй байсан бол нөгөөх нь хэлгүй, дүлий байжээ. Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө нэг охиных нь аав мафийнхантай шөргөөцөлдсөнөөс болж гэмт бүлэглэлийнхний дургүйг хүргэжээ.
2010 онд Мара Сальватручагийн гишүүн Рене Мехиа нэгэн эмэгтэйг хоёр настай охиных нь хамт хөнөөсний төлөө цаазын ял сонссон.
Ялангуяа MS-13-ынхан эгнээнээсээ урвагч, мэдээлэгчдийг хэрцгий шийтгэжээ. “Хэрвээ чи харх шиг зан гаргах юм бол үхлээ л гэсэн үг” хэмээн бүлэглэлийн дүрмэнд өгүүлдэг байна. Энэ дүрэм ямар ч хориг заалтгүй хэрэгжинэ. Тус бүлэглэлийнхэнтэй өмнө нь холбоотой байсан Бренда Баз хэмээх бүсгүй Холбооны мөрдөх товчоонд алтан хошуу өргөснөөс болж найз залуу нь түүнийг өөрийнх нь хүүхдийг тээж байгаа гэж өршөөлгүй хөнөөжээ.
Бүлэглэлийнхэн харгис хэрцгий зангаа бүх зүйл дээр гаргадаг. Тэр ч бүү хэл бүлэглэлд нэгдэх гэж байвал гишүүдэд 13 секундын турш зодуулах ёстой гэсэн уламжлал ч байдаг. Үүний дараа тэд анхны даалгавар буюу хэн нэгэнтэй зодолдох, хулгай хийх, эсвэл хэн нэгнийг хөнөөх даалгавар өгдөг. Мара Сальватруча гишүүдээ эртнээс элсүүлдэг байна. Заримдаа найман настай хүүхдүүд ч тус бүлэглэлийн гишүүд болчихсон явж байх жишээтэй.
MS-13-т нэг удирдагч, тодорхой бүтэц гэж байхгүй. Энэ бол тархай бутархай үүрийн нэг “брэнд” дор нэгтгэсэн нэгдэл юм. Бүлэглэлийн гишүүдийг уриаг испани хэлнээс хөрвүүлбэл “Хөнөө, хүчинд, удирд” гэсэн утгатай.
Мара Сальватручагийн гишүүд өөрсдийгөө тус бүлэглэлийнх гэдгээ ч нуудаггүй. Тэднийг синдикатын бэлгэдэл болсон шивээсээр нь дорхноо таньж болно. Бас нэг гол таних тэмдэг нь цагаан, цэнхэр судалтай цамц юм.
Бүлэглэлийн гол үүсгэгчид нь иргэний дайнаас болж эх орноосоо зугтахаас өөр аргагүй байдалд орсон Сальдавороос ирсэн дүрвэгчид байсан гэдэг. Энэ дайн 1979-1992 он хүртэл үргэлжилсэн юм. Тус улсад зүүн үзэл сурталтай партизаны эгнээнд байсан иргэд коммунистуудын эсрэг “үхлийн эскадрон”-уудыг мөрдөж мөшгөхөөс зайлсхийж, эх орноосоо гарахаас өөр аргагүй болцгоожээ.
Дүрвэгчид хууль ёсны дагуу цалин хөлс сайтай ажилд орж чадахгүй байсан аж. Гэтэл яг энэ үеэр гэмт хэрэгт угсаатны бусад бүлэглэл ноёрхож байв. Гэвч тэдний нэг нь ч Марч Сальватручагийн анхдагчид байгаагүй юм. MS-13-ыг үндэслэгчид төрсөн нутагтаа зовлон зүдгүүр амссан болохоор хүмүүсийг хайр найргүй, хязгааргүй харгисаар хөнөөхийг хүлээн зөвшөөрдөг байжээ.
АНУ-ын Засгийн газраас гэмт бүлэглэлийн гишүүдийг Сальвадор руу нь албадан буцаах ажиллагаа явуулж эхэлсэн нь MS-13-т сүлжээгээ өргөжүүлэх харин ч сайхан боломж болжээ.
Гэмт бүлэглэлийн үйл ажиллагааны цар хүрээг ойлгохын тулд Дональд Трампын энэ оны долоодугаар сард хэлсэн үгийг санахад л хангалттай. Тэрбээр өөрийнхөө засаг захиргааны тэргүүн зоригод “MS-13-ыг хүчгүйдүүлж, устгаж, бүрмөсөн үгүй хийх” гэж хэлжээ. Үүгээрээ АНУ-ын Ерөнхийлөгч цагдаа нараа гэмт хэрэгтнүүдэд “хэтэрхий үөөлөн” хандахгүй байхыг уриалсан байна. “Тэд Аль-Кайдатай эн тэнцүү буюу тэднээс ч дор” хэмээн Трамп мэдэгдсэн байна.
Мара Сальватручагийн бэлгэдэл болсон гурван үсгээс гадна бүлэглэлийн гишүүд гурвалжин дээр байрлах гурван цэг бүхий шивээсээрээ ихэд алдартай. Эдгээр нь мафийн амьдрал хаана дуусгавар болохыг бэлгэддэг аж. Энэ бол эмнэлэг, шорон, оршуулгын газар юм.
Э.ЗАЯА
1 comment
demii yum bichix yum.xend xeregtei yum be ene chin ,odoo manai shiljiltiin nasniixan duuriax uzegdel garval yax yum be?????