УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр ”УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 07-нд болж, 08-нд Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Би улс орон даяар хүмүүс өвлийн бэлтгэл гээд цаг хугацаатай уралдаж байна. Та бүхэн өвлийг хэр өнөтэй давах вэ гэдгийг ярих ёстой байтал Засгийн газраа огцруулж, элдэв хэрүүл хийж, монголчууд хохирч байна. Та бүхнийг монголчууд хэрэлд, хувиа хичээ гэж төрд гаргаагүй. Өөрсдийн амин хувийн асуудлыг 2-3 цагийн дотор хэлэлцэж, баталдаг. Түмэн олны өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж, анхаарал тавих болохоор Засгийг эзгүй орхиод явж болохгүй гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрүүл дуусахгүй, засгийг эзэнгүйдүүлж байна. Тиймээс 10 хоногийн дотор Засгийн газраа эмхлэн байгуулахыг шаардаж байна.
Өнөөдөр багш, эмч нарын хэлж байгаа асуудлыг хар. Зарим нутагт үер усны аюултай байгаагийн дээр малын гоц халдварт өвчин асар их тархаж буй өдгөө цагт хариуцах эзэнгүй байгаа нь хамгийн буруу. Мал тарга тэвээрэг маш муу авсан байна. Үүний бүх хариуцлагыг эрх баригчид хариуцна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүллээ. Миний бие хэдийгээр нам, бүлэггүй ч гэлээ энэ асуудалд анхаарал тавьж байна. Тиймээс надад бичгээр албан ёсоор хариу өг” гэв.
Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та УИХ-ын чуулган хуралдах хугацаанд маш цөөхөн оролцсон байдаг. Энэ удаагийн чуулганд хэр зэрэг идэвхтэй оролцох вэ?
-Би бол хамгийн идэвхтэй хуралдаа сууж байгаа гишүүдийн тоонд орох байх. Энэ хүмүүс чинь гадаадаар зугаалж байгааг томилолт, өвчтэй чөлөөтэй гэж тэмдэглүүлээд байдаг юм байна. Миний хувьд оролцсон бүх чуулган дээрээ улс орны асуудлыг хөндөж байгаа. Ингэснээр түмэн олны талархал, сэтгэлийг булаагаад байгаа учраас надад атаархсан хоёр намын хийж байгаа ажил. Би Төрийн ордонд сууж ажиллахгүй, явж ажиллана гэж анхнаасаа хэлсэн. Төрийн ордонд хонож ажилласан хүн сонссон уу. Мэдэхгүй, би лав Төрийн ордонд хонож архидсан гэдэг зүйлийг л сонсож байсан юм байна. Би бол ганц дайчин ганцаардахгүй гэгчээр тэмцэнэ.
-Та өмнө нь Бурхан Халдун ууланд гарч, чуулганы нээлт хийж байсан. Энэ удаагийн чуулганы нээлтэд оролцох уу?
-Энэ чуулганы нээлтийг харж л байя. Бурхан Халдун ууланд яагаад гарсан гэхээр чуулганы индэр дээрээс зөвхөн намын бүлэг мэдэгдэл хийдэг. Тиймээс би үүнийг сийргээр олж хараад, Монголдоо болж байгаа зүйлийг жинхэнэ үнэнээр нь хэлэхээр шийдсэн. Тэр үед ярьсан есөн асуудлыг одоо хэн ч ярихгүй байгаад сэтгэл эмзэглэж байна.
-Та УИХ-д орж ирээд нэг жил болж байна. Асуудлыг хөндөн ярьж байгаа ч үр дүн нь хэр байна вэ?
-Монголчуудын оюуны дархлаа, зөн сэрэхүй, сэтгэл дотор байгаа нянгууд арилах ёстой. Энэ нянгуудыг арилгахын тулд ярих ёстой. Жавхлан зүгээр суугаагүй. Энэ 65 гишүүн хэрэлдэж байхын оронд өвөлжилтийн бэлтгэл яаж байгаа талаар тойргоороо явж үз гэж хэлмээр байна. Би энэ долоо хоногоос тойргийнхоо төлөөлөлтэй уулзана. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг.
-Засгийн газрыг огцруулах кнопыг дарахдаа хэн нэгний нөлөөнд автсан уу?
-Хамаг Монголыг ярьж, Монгол орноо сурталчилж явсан надад нутаг усны асуудал тулгахаа боль. УИХ дээр намайг үг хэлэхээр инээгээд байдаг улс над дээр ирж кноп дараад өгөөч гэж гуйсан. “Би та нарын хэрүүл дотор хавчуулагдахгүй, өөрсдөө учраа олцгоо” гэсэн. Би өөрийн үзэл бодлоороо явсан.
-Та УИХ дотор ганцаарддаг юм шиг санагддаг?
-Төрийн ордон дотор ороод би сэтгэлээрээ даардаг, гадагшаа гараад дулаацдаг хүн. Төрийн ордныг гал орсон гэр шиг дулаахан болгоно. Би нэг зүйл рүү зорьсон бол зорьсон шиг зүтгэдэг. Тийм учраас би Бурхан халдун хайрханд очиж андгай тангараг өргөсөн. Монгол орныхоо төлөө андгай тангараг өргөсөн. Надад няцах сэтгэл байхгүй.
-Та нэг хэсэг чуулганд харагдаад, нэг хэсэг байхгүй болдог. Яагаад?
-Дуучнаар бол өдөр болгон Бөхийн өргөөнд тоглолт хийгээд байвал хүмүүс ирж үзэх үү. Түүнтэй адил. Шат дараатай судалгаа хийж, явж байна.
-Шинэ Засгийн газар байгуулагдаад хамгийн түрүүн юу хийх ёстой гэж боддог вэ?
-Монголын цус цэвэр ариухан болтол нь С.Жавхлан тэмцэнэ. Тасалсан гэж яриад байгаа нөхөд явуулга хийж байна. Энэ намрын чуулганы нээлтийг харж л байя. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг шинээр томилон гаргаж ирэх нь чухал. Тэгэхгүй бол оффшор данстай, ах дүү нартайгаа хувааж иддэг хүмүүсийг гаргахын эсрэг би тэмцэнэ. Одоо энэ бууж байгаа сайд нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Өнгөрсөн 27 жилийн турш олон Засгийн газар унасан байдаг. Гэтэл идсэн, уусан нөхдөд хэзээ ч хариуцлага тооцдоггүй.
1 comment
Монголын төлөө цохилох зүрхтэй бол хэн гуйсан нэрийг нь хэлчих