БНСУ-ын Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг маргааш болох (2017.03.10) хуралдаанаараа шийдэх гэж байна. Түүнийг тус улсын Парламент албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахууль авсан хэрэгт холбогдох үед Ерөнхийлөгчийн албан тушаалаас түдгэлзүүлээд байсан юм.
БНСУ-ын Үндсэн хуулийн Цэц найман шүүгчтэй бөгөөд зургаа нь Пак Гын Хэг огцруулах ёстой гэж үзвэл Парламентаас гарсан шийдвэр баталгаажих юм байна. Үндсэн хуулийн цэцээс ийм шийдвэр гарвал 60 хоногийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль зарлах аж Мөн тэр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр огцорсон анхны Ерөнхийлөгч болж БНСУ-ын түүхэнд үлдэх юм байна. Харин эсрэгээр энэ санал дэмжигдэхгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тэр даруй сэргээа аж.
Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хэргийг шалгаж байгаа Мөрдөн байцаах тусгай алба өнгөрсөн даваа гаригт (2017.03.06) мөрдөн байцаалтын үр дүнг танилцуулахдаа “Ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нарыг авлигын гэмт хэргийн хамсаатнууд мөн” гэсэн дүгнэлт үйлдэж, хавтаст хэргийг прокурорын байгууллагад шилжүүлэн өгсөн юм.