Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өчигдөр /2017.09.15/ боллоо. Энэ удаагийн хурлаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудлууд болон хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэсэн бөгөөд нийслэлийн 378 жилийн ойн өдрийг угтсан ажлыг хэрхэн зохион байгуулах тухай дуулгалаа.
Мөн энэ хүрээнд НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх орон нутгийн чадавхийг бэхжүүлэх нь” семинар, “Эрүүл мэнд-Ээлтэй орчин” аян, спортын тэмцээний талаархи мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллах, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтийн асуудлаар эмнэлгийн удирдлагуудтай ярилцлаа.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой түвшний ажлууд зохион байгуулж буй энэ үед эрүүл мэндийн байгууллагууд харилцан хамтарч ажиллах нь тун чухал ач холбогдолтой болохыг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар энэ үеэр онцолсон юм. Үүний зэрэгцээ малын шүлхий өвчний хорио цээрийн үед тухайн дүүрэгт оршин сууж байгаа иргэдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд анхаарал хандуулж, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох тал дээр мэдээлэл, сурталчилгаа түлхүү хийхийг зөвлөсөн.
Харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад тэрбээр хүүхдэд зонхилон тохиолддог халдварт өвчлөлүүд, тэр дундаа амьсгалын замын цочмог халдвар болох томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжинд анхаарч ажиллахыг санууллаа.
Хурлын төгсгөлд НЭМГ-ын Статистик, мэдээллийн хэлтсийн дарга С.Ариунтуяа 2017 оны эхний найман сарын байдлаар нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт, төрөлт, нас баралт, эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг харьцуулсан байдлаар танилцуулсан. Энэ хүрээнд өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд суурилуулсан цахим программ хангамжийн нэвтрүүлэлт ямархуу түвшинд явагдаж байгаа тухай мэдээлэл хүргэсэн юм гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.