Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ эдийн засаг, бизнесийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэх таатай орчин бий болгоход төр хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Энэхүү санамж бичигт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа нар өнөөдөр ХЗДХЯ-нд гарын үсэг зурлаа.
Г.Баясгалан: Тодорхой хуулийн төслүүдэд хамтран ажиллана
Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: Санамж бичигт гарын үсэг зурснаар бизнесийн хууль эрх зүйн орчин сайжирна гэдэгт итгэлтэй. Бид хэд хэдэн үндсэн чиглэлд хамтран ажиллахаар болж байна. Тодруулбал, тодорхой хуулийн төслүүдийг боловсруулах, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийх, бизнестэй холбоотой бодлогын баримт бичгийн үр нөлөөг судлах, сурталчлах чиглэлээр хамтран ажиллана. Энэ санамж бичиг хэлбэрийн төдий бус бодитой ажил хэрэг болох санаачилга гэж бодож байна.
М.Сарандаваа: Бизнесийн орчинд ногоон гэрэл асаах үйл явдал боллоо
МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа: Бидний хамтын ажиллагаа судалгаанд суурилсан байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд юу саад болж байна вэ гэдгийг үндэслэл, судалгаатайгаар гарган ирж, засч сайжруулах чиглэлд хамтран ажиллана. Санамж бичиг байгуулснаар бизнесийн орчинд ногоон гэрэл асаах чухал үйл явдал боллоо гэж би хувьдаа дүгнэж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахаар тусгасан. Энэ хүрээнд ХЗДХЯ гадаад, дотоодын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгаагийн нэг нь МҮХАҮТ-тай байгуулсан санамж бичиг юм.
Эх сурвалж: ХЗДХЯ