Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа зохион байгуулж буй “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” Монголын хүүхдийн ордонд болов.
Энэхүү зөвлөгөөний нээлтэд ХНХЯ-ны дэд сайд С.Мөнгөнчимэг, ХНХЯ- ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх тэргүүтэй албаны хүмүүс болон эцэг, эхийн 500 төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөний эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын илгээлтийг нийт эцэг, эхийн төлөөлөл, хүндэт зочдод уншиж танилцуулав. Тэрбээр илгээлтдээ “Гэр бүл хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” эцэг, эхийн үндэсний анхдугаар зөвлөгөөнөөр эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшлийн талаар болон монгол гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудал тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх тухай хамтдаа ярилцаж, хэлэлцэхээр ирсэнд талархаж байна. Гэр бүл гэдэг төр улс дахь гэр улс бөгөөд улс үндэстэн оршин тогтнохын язгуур үндэс мөн. Нүүдлийн соёл иргэншилтэй Монгол Улсын хувьд гэр бүлийн амьдралд эцэг, эх, үр хүүхдээ дээдлэх, эв эеийг хичээх, эрдэм номыг дээдлэх, өв уламжлалаа нандигнах соёл заншил нь монгол гэр бүлийн үнэт зүйл юм.
Гэр бүл нь амьдралын их сургууль, хүмүүнлэг нийгмийн эх сурвалж мөн. Гэр бүлийн харилцаанд хүүхдийн төлөвшил, хүний хөгжлийн үндэс төдийгүй цаашлаад улс үндэстний аюулгүй байдал, ураг удмын үнэт зүйл, улс нийгмийн харилцааны суурь болдог. Хүнийг хайрлан хүндэтгэх, энэрэн хүлээн зөвшөөрөх, ойлгон уучлах, асран халамжлах, итгэн туслах зэргээр хүнийг хүн болгон хүмүүжүүлдэг нийгмийг соён гэгээрүүлэх гэр бүлийн үүргийг үнэлээд ч баршгүй.
Гэр бүл бүхэн өөрийн үнэт зүйлсээ дээдлэн хүндэтгэж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нийгмийн үүрэгтэй. Орчин цагт амьдралын хэв шинж өөрчлөгдөн, гэр бүлийн янз бүрийн хэв маяг шинээр үүсч байгаа нөхцөлд цөөхөн хүн амтай манай орны хувьд гэр бүлийн боловсролыг шинжлэх ухааны үндэслэлээр гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн олгох нь улс орны төдийгүй хүний хөгжлийн чухал асуудал юм. Удам холдвол ухаан сайжирна гэдэг. Монгол гэр бүл бүхэн угийн бичгээ хөтлөх уламжлалаа дээдлэн монгол хүний удмын санг эрүүл авч явах үүргээ биелүүлж, түүнийг ч төр засгийн зүгээс бодлогоор хөхиүлэн дэмжих шаардлагатай байна.
Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогыг гэр бүлд итгэл найдвар хүлээлгэх замаар нийгмийн хөгжлийн аливаа асуудлыг гэр бүлд төвлөрүүлж шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хүмүүжлийн төлөвшил, залуучуудын ажил мэргэжил, ажлын байр, ахмад үеийнхний асрамж хамгаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх тэгш оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжлэг туслалцаа зэрэг нь нийгмийн эрсдэлт, бэрхшээлтэй бүх асуудлыг эхлээд гэр бүлийн орчинд шийдвэрлэх боломжоор хангах нь зүйтэй юм” гэлээ.
Мөн уг зөвлөгөөн Болосврол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага, Гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих сан төрийн бус байгууллага зэрэг салбар бүрийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан хүүхэд хамгаалал, хүүхэд хүмүүжлийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлогтой болж байна.
“Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” нь “Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал”, “Эцэг эхийн боловсрол-Төрийн бодлого” зэрэг олон асуудлыг авч хэлэлцэнэ. Тухайлбал, салбар хуралдаанаар Сургуулийн өмнөх нас, сургуулийн бага нас ба эцэг эхийн хариуцлага”, “Сургуулийн дунд нас ба эцэг, эхийн хариуцлага”, “Сургуулийн ахлах нас ба эцэг, эхийн хариуцлага” гэх мэт асуудлыг хэлэлцэж байгаа бол “Хүнээр хүн хийх Монгол ухаан”, “Эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд нөлөөлөх нь”, “Хүүхдийн насны үе шат бүрт тулгардаг эрүүл мэндийн асуудал, эмнэлэг, гэр бүлийн харилцаа”, “Хүүхдэд эх орон, газар нутгаа хайрлан хамгаалах хүмүүжил олгоход эцэг, эхийн үлгэр дуурайлал”, “Онцгой байдлын үе дэх хүүхэд, хамгаалал, урьдчилан сэргийлэх талаархи эцэг, эхийн чадамж” зэрэг сэдвээр холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж байна.