Мэргэжлийн Засгийн газар огцроод долоо хонож байна. Дараагийн Засгийн газрын тэргүүнд “нэр дэвшигчид” ч эхнээсээ тодроод эхэллээ. Одоогоор Ерөнхий сайд, улмаар МАН-ын дарга болох тун магадлалтай гурван хүний нэр шигшигдэж үлдээд байна.
Ийм учраас намынхаа Бага хурлыг хүртэл нэр яригдаж буй хүмүүсийн ар дахь бүлэглэлүүд нь Улсын Их хурал, Намын Бага хурлынхаа гишүүдтэй “ажиллана” гэсэн үг. Хамгийн сайн ажилласных нь хүн Ерөнхий сайд, МАН-ын дарга болно.
Бас нэг зүйл яригдаж байгаа нь Ерөнхий сайдад горилогчид намынхаа Бага хуралд танхимаа танилцуулна гэж байна. Энэ нь тухайн бүлэглэл, эсвэл хувь хүний “Мөрөөдлийн Засгийн газар” байж таарах гээд байгаа юм. Аль сайн баг танилцуулж чадсан нь өөртөө оноо авах бас нэг хувилбар гэж байгаа. Гэвч энэ нь хэн хамгийн олон талын сонирхлыг нийлүүлж, багтааж Засгийн газраа бүрдүүлэх вэ л гэсэн үг. Яг үүнийг горилогчид ч сайшааж байгаа дуулдаж байна. Юу гэвэл хамгийн сайн баг гэж үнэлэгдээд, хамгийн олон фракц, бүлэглэлийн сонирхлыг шингээсэн нь Бага хурлаар хүлээн зөвшөөрөгдвөл Засгийн газар нь тэр хэмжээгээр “урт наслах” юм.
МАН-ын Удирдах зөвлөлөөр ийн Бага хурлаа товлосны дараахнаас дараагийн Засгийн газарт багтах сайд нарын нэр яригдаад эхэлж байна. Одоогоор энэ нь албан ёсны бус. Зүгээр л сонирхлоо илэрхийлж байгаа хэрэг. Гэвч сайд болох сонирхолтой гишүүд олон байгааг энд хэлэх хэрэгтэй.
Мэргэжлийн Засгийн газрыг унагах кноп дарсан 33 гишүүний дор хаяж тал хувьд нь ийм сонирхол байгаа гэж мөрийцсэн ч алдахгүй. Учир нь тэдний нэр Төрийн ордон тойроод л дуулдаж байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар л гэхэд ЗГХЭГ-ын дарга, аль эсвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болж магадгүй гэх яриа байна.
Мөн өмнөх Засгийн газрыг хамгаалж кнопоо дарсан гишүүдэд бас тийм сонирхол бий. Тэд дараагийн Засгийн газарт халтай. Тиймээс тэр гишүүдийг шинээр бүрдэх Засгийн газарт багтаах нь стратегийн хувьд нөгөөх 33-аас илүү чухал юм. Энэ мэтээр дараагийн Засгийн газрыг тэргүүлэх хүн, түүний цаадах бүлэглэлд маш олон асуудал байна. Хэрвээ аль нэг бүлэглэлийнх нь тал давамгайлсан Засгийн газар байгуулчихвал тэр нь удахгүй бас унаад өгнө. Ингэвэл МАН-ынхан шүүмжлээд байдаг АН-ынхаа түүхийг давтана.
Түүх сөхвөл, 1990-ээд оноос хойшх Монголын улс төрийн түүхэнд Засгийн газар дээрх байдлаар унаж байсан тохиолдол бишгүй л бий. Гэхдээ бүрэн эрхээ дуустал хэрэгжүүлсэн хоёрхон Засгийн газар байдаг. 1992-1996 онд П.Жасрайн, 2000-2004 онд Н.Энхбаярын Засгийн газар тогтвортой ажиллаж, бүрэн эрхээ дуусгасан байдаг юм.
Харин дараагийн байгуулагдах Засгийн газар тогтвортой ажиллахын тулд дээр хэлсэнчлэн бүлэглэлүүдийн сонирхлыг нэгтгэх шаардлагатай. Тийм байлгах арга хэмжээг ч МАН-ынхан авч эхэлсэн гэж байгаа.Эх сурвалжийн мэдээллээр Ц.Нямдорж энэ чигээрээ Ерөнхйи сайд болно гэж зүтгэвэл МАН-ын Бага хурлаас өмнө М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр уулзалдаж сонирхлоо нэгтгэж магадгүй гэж байна. Итгэхэд бэрх ч энэ байж болох хувилбар юм. Учир нь улс төрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсагнал гэж байдаггүй гэдэг.
Үүнээс гадна одоо Засгийн газарт сайдаар ажиллаж, сайдын үүрэг гүйцэтгэгч болоод долоо хонож байгаа арав гаруй хүн бий. Тэднээс дараагийн Засгийн газар руу яамаа солиод ч хамаагүй сайдаар үлдэх хүсэлтэй хүмүүс бас дуулдаж байна.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт уржигдрыг хүртэл Ерөнхий сайдад яригдаж байгаад больчихлоо. Мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэнг Ерөнхий сайдад хүнээ зүтгүүлж байгаа томоохон бүлэг, фракцуудын хэнтэй нь ч учраа олчихдог эр гэдэг. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нарыг бас дараагийн Засгийн газарт үлдэх боломжтой сайдын жагсаалтад бичихээс аргагүй. Тэд тус тусдаа Засгийн газраас хөөгдөөд явчихгүй байх шалтгаантай юм. Харин бусад нь явна.
Дараагийн Засгийн газрын сураг чимээ одоогоор иймэрхүү байна. Гэхдээ энэ сарын 25-ныг хүртэл шинэ Ерөнхий сайд, түүний танхимд ажиллах хэдэн сайдын нэр тодорч, хэд хувирч, хэд өөрчлөгдөхийг таашгүй юм.
Гэхдээ хамгийн тодорхой нэг зүйл нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болчихгүй л бол МАН-ын дараагийн Засгийн газар 100 хувь “давхар дээл”-тэй байх магадлал өндөр байна. Тэгэхээр сайдын суудал 16, сонирхсон гишүүн 65 болоод байгаа юм.
1 comment
ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ЭРЭЛХЭГЭЭР ТЭМЦСЭН ГИШҮҮДЭЭС ЗГ-ЫГ БҮРДҮҮЛЭХ НЬ ЗӨВ.ХАА ХАМААГҮЙ ХҮНИЙ АРД НУУГДАЖ БАЙСАН 2 НҮҮРТЭЙ ХУЛГАЙЧУУД ЧОНО БОРООНООР ГЭДЭГ ШИГ ОЛЗ ХАЙЖ ХОР ХУТГАЖ БАЙГАА ГЭДГИЙГ ОНЦГОЙ АНХААРААРАЙ.ТА НАРЫН ТЭМЦЭЛ ЯЛАЛТАНД ХҮРЧ БАЙГАА БОЛОХООР ХЭНЭЭС Ч БҮҮ АЙГААРАЙ.ХҮЧ БИЙ ШҮҮ.