Өчигдөр (2017.09.13) хуралдсан Засгийн газрын хуралдаанд Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү Өнөөдөр “ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатсан. Галын улмаас хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлаагүй, галыг газар авахуулалгүй унтраасан тухай танилцуулав. Засгийн газар гал гарсан шалтгааныг тогтоож, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгалаа. Шатсан трансформаторыг 1984 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд 31 жил 9 сар тасралтгүй ажиллаж байжээ.
Мөн хуралдаанаар Говьсүмбэр аймгийн төвийн халаалтын уурын зуухны Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварт шаардагдах 170 сая төгрөгийг төсвийн тодотголд тусгахаар боллоо. Тодотгол хийх хүртэл дээрх хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчид зөвшөөрөв. Түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд шугам сүлжээ, дэд станцын өргөтгөл, шинэчлэл, аймгийн төвийн дулааны станцын засварт шаардагдах хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төсвийн тодотголд тусгахаар болов. 2017 онд худалдан авах ажиллагаа явуулахдаа дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдээ давуу эрх тооцон шалгаруулсныг сайшааж, цаашид энэ жишгээр ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгажээ.
Эх сурвалж: Засгийн газар