Өчигдөр хуралдсан (2017.09.13) Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг баталлаа.
Журмын дагуу тэтгэмж олгохдоо сүүлд тогтоосон албан тушаалын цалингийн сүлжээ, шатлалыг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох юм байна. Харин хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, чадвараа 50-69 хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан буюу 70-аас дээш хувь бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөх олговор, тусламж олгох юм.
Албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэнд нь хохирсон цагдаагийн алба хаагч Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Өрх, сумын эрүүл мэндийн эмнэлгээр үнэ төлбөргүй эмчлүүлэх юм. Албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэндээрээ хохирч хөгжлийн бэрхшээлтэй болсон алба хаагч, дээрх үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд тухайн цагдаагийн байгууллагаас дотоодын сувиллын болон сэргээн засах эмнэлгийн байгууллагад очих, буцах замын зардлыг жилд нэг удаа олгохоор болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг ажилтан сард 160 цаг, жилд 1760 цаг ажиллах ёстой ч нийтийн хэв журам хамгаалах үүрэг бүхий алба хаагч сард хамгийн багадаа сард 192 цаг, жилд 2112 цаг ажиллаж байна. Замын цагдаагийн алба хаагч гэхэд жилд дунджаар 2288 цаг буюу 528 илүү цагаар ажиллаж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-д дурджээ.
Цагдаагийн ерөнхий газраас хийсэн судалгаанаас үзвэл 2011-2014, 2015 оны эхний найман сарын байдлаар албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт хэрэгт өртөж хохирсон 433 тохиолдол байгаа бөгөөд энэ нь дөрвөн өдөр тутам нэг алба хаагч хохирч байна гэсэн үг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.