ХЗДХ-ын сайд С.Бямбацогт өнөөдөр ХХЕГ-т очиж Монгол Улсын Хилийн тухай хуулийн эх хувийг гардуулах юм байна. Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш улсын хил хамгаалалт, улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хил хамгаалах үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчийн нийгмийн асуудлаар нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.
Иймээс 2016 оны сүүлийн хагас жилд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдаж Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг МУ-ын Үндсэн хууль, Үндэсний Аюулгүй байдал, үзэл баримтлал, МУ-ын төрөөс хилийн талаар баримтлах бодлого, МУ-ын батлан хамгаалах бодлогод нийцүүлэн боловсруулсан. Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтүүдийг тусгаж өгсөн гэж салбарынхан ярьж байна.
Мөн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хилийн тухай хуульд хэрэглэсэн нэр томъёо болон бусад хуулинд хэрэглэгдэж буй нэр томъёотой давхардсан, ижил зохицуулалтыг агуулсан, эсхүл өөрөөр тодорхойлох зэргээр зөрчилдөж байсныг шинэчилж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хилийн аюулгүй байдлыг хангах асуудлыг тодорхой болгосон.
Улсын хил хамгаалалтыг өөрийн улсын онцлогт тохирсон бүсчилсэн байдлаар зохион байгуулах, түүнтэй холбоотой зохицуулалт, улсын хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хил орчмын нутаг дэвсгэрт ард, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах үед тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэл, хэрэглэх журмын хуулийн төсөл, улсын хилийн аюулгүй байдлыг хангахад оролцох төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг тодотгож, Улсын хил хамгаалахад туслах хүчний зөвлөл, туслах хүчний гишүүн, иргэний эрх, үүргийг тус тус нарийвчлан тусгасан гэж үзэж байгаа юм.