Японд улсад анхны пластик картууд бий болжээ. Эрт дээр үеэс Японд барааг зээлээр худалдан авах арга өргөн дэлгэрсэн байсан нь өнөө цагийн кредит картын ирээдүй байсан гэж үзэж болно. Түүхийн эх сурвалжаас үзэхэд кредит картын систем нь Эдогийн үед /1603-1868/ үйлчилж байв. Мөн Сегунат Токугавын үед Японд төвлөрсөн мөнгөний систем, мөнгөөр баталгаажсан цаасан мөнгөн тэмдэгт хэвлэж эхэлснээр анхны банк үүсчээ. Мөн мөнгөн тэмдэгтийн аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс банкуудын холбоо байгуулагдаж байлаа.
Хаант засаглал дахин сэргэж, Мэйзигийн эрин үе ирэхэд /1868-1912/ Японы баруун хэсэг улсын төв гэсэн статусаа дахин сэргээсэн аж. Мацухито хаан феодализм болон улс эх орноо бусдаас тусгаарлахаас татгалзсан гэдэг. Улмаар Япон даяар зээлээр төлбөр тооцоо хийх боломжит дэлгүүрүүд үүд хаалгаа нээж эхэлжээ. Японд улсын болон хувийн санхүүгийн институт нь 1872 он буюу үндэсний банкны тухай хууль батлагдсны дараагаар байгуулагдсан юм. Харин 10 жилийн дараа Японы төв банк байгуулагджээ.
ЯПОНЫ АНХНЫ КАРТ
Дэлхийн хоёрдугаар дайны үед зээлээр барааг худалдан авах нь юу ч биш болжээ. Харин дайны дараа пластик картын бизнесийн хөгжил эхэлсэн түүхтэй.
Японы төлбөрийн системд Америкийн “Diner’s Club” анх ирж, өөрийн төлөөлөгчийн газраа Токиод 1960 онд байгуулсан аж. Энэ нь АНУ-д анхны кредит карт бий болсноос хойш 10 жилийн дараа гэсэн үг юм.
Мөн онд Японы “Маруи” компани өөрийн бүтээгдэхүүнээ зах зээлд танилцууллаа. Тус компани нь Японд “Кредит” хэмээх үгийг анх удаа ашиглаж эхэлсэн юм.
Ийнхүү Япон улсад “Пластик карт” болон “Кредит карт” хэмээх нэрийг ашиглах болжээ. Гэхдээ энэ нь орчин үеийн кредит картаас ялгаатай. “Маруи” компанийн танилцуулсан кредит карт нь нэг удаа л ашиглахад зориулагдсан байлаа. Тухай үед кредит карт нь өнөө цагтай адил пластик, соронзон туузтай байсангүй харин цаасны хэлтэрхий л байв.
“Маруй” компаний кредит картууд нь төлбөрийн карт гэхээсээ илүүтэй гишүүнчлэлийн онцгой билетэнд тооцогддог байв.
Тухайн цаг үеийн нийгэмд кредит карттай хүн “Маруй” компанийн хүндэт үйлчлүүлэгч гэсэн ойлголт дэлгэрсэн байв. Улмаар картын хэрэглээ залуучуудын дунд өргөн дэлгэрчээ. 1961 онд “Sanwa Bank” болон “Nippon Shinpan” (өнөөдөр “The Bank of Tokyo-Mitsubishi UFJ”-ийн бүрэлдэхүүнд багтдаг) Японд анхны зээлийн товчоог байгуулжээ. Өнөөдөр тус товчоо нь улсын томоохон төлбөрийн систем гэдгээрээ алдартай. /Japan Credit Bureau (JCB)/
1963 онд Японд дэлхийн анхны пластикаар хийсэн банкны карт үйлчилгээнд гарсан. Тус картыг “Diner’s Club”-аас гаргажээ. Тус карт нь өнөөг хүртэл өөрийн анхны загвараа хадгалж үлдсэн байдаг. Иймээс Япон улс бол пластик картын “өвөг дээдэс” гэж үзэж болно. Тухайн цаг үед Японы төр кредит картын дэд бүтцийг идэвхитэй хөгжүүлж эхэлсэн. Энэ нь Токиогийн 1964 оны зуны Олимпын наадамтай шууд холбоотой байсан бөгөөд аялал жуучлалын томоохон урсгалыг бий болгоно гэж үзжээ.
КАРТНЫ ДАЯАРШЛАЛ
Японы дотоодын төлбөрийн систем болох JCB маш эрчимтэй хөгжсөн бөгөөд Японд кредит карт олгогч томоохон байгууллага болсон юм. Гэхдээ эхэн үедээ зөвхөн дотоод зах зээлд л төвлөрч байв. Харин олон улсын картыг зөвхөн хилийн чанадад л ашиглах боломжтой байсан аж. 1967 оноос JCB American Express-тэй хамтран олон улсын хугацаат картыг гаргаж эхлэв. Тус картыг хилийн чанадыг зорьж буй үйчлүүлэгчиддээ олгож байлаа.
Гэхдээ 1980 онд “Sumitomo Credit” (Sumitomo Card) компани “Visa International” холбоотой хамтран Япон улсад болон олон улсад зэрэг ашиглах боломжтой картын төслийг хэрэгжүүлэх гэж байгаагаа зарласан юм. Энэ Японы кредит картны хувьсгал байжээ. Мөн онд “American Express” Японд охин компаниа байгуулж, карт олгож эхлэв. Харин “MasterCard International” Япон улсад болон хилийн чанадад зэрэг үйлчилдэг өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулснаар японы зах зээлд гарч ирсэн юм.
Улмаар “JCB” удирдлага зах зээлээ алдахад хүрсэн юм. Иймээс өөрчлөгдөж буй эрэлтийн хэрэгцээг хангахын тулд шинэ зүйлийг санаачлах хэрэгтэй байлаа. 1980 оны 11 дүгээр сард JCB жил бүр хилийн чанадад ашиглах зориулалттай American Express-ийн хугацаат картыг 50 мянган гаруйг хэвлэв. Үүний үр дүн JCB-г олон улсын төлбөрийн систем болгох зорилтын хүрээнд 20 мянган худалдааны компанийн гадаад нэгдсэн сүлжээг бий болгох хэрэгтэй байлаа.
Энэ үед Япон улс эдийн засгийн сэргэлтийг үеийг даван туулж, мөн дотоодын жуулчид бизнесменүүд хилийн чанадыг зорих тоон үзүүлэлт өссөн нь хамгийн тохиромжтой үе байлаа. Ийнхүү 1983 онд гэхэд JCB Хятад улсад өөрийн төлбөрийн картаа нэвтрүүлж эхлэхэд JCB картын олон улсын сүлжээг байгуулах нөхцөл бүрджээ. 1984 он гэхэд японы төлбөрийн системын картаар үйлчилдэг худалдааны цэгийн сүлжээ 35 орны 300 гаруй хотын 30 мянган аж ахуй нэгжийг өөртөө нэгтгэсэн билээ.
Энэ үед компани карт эзэмшигч нарт үзүүлэх үйлчилгээ болон орон нутгийн аж ахуй нэгжүүдтэй хамтын ажиллагааны асуудлыг шийдэх үүднээс өөрийн хилийн чанад дахь анхны офисоо байгуулах шаардлагатай болов.
1996 оны эхэнд 10 гаруй томоохон тайваны банкууд JCB картын олгох программыг хэрэгжүүлж эхэлсэн. АНУ-д Household Inc. компани JCB-ийн картыг аялал жуучлалын салбар төлбөр тооцоо хийхэд зориулан олгож байв. JCB –ийн Их Британи дахь томоохон түнш нь “Barclays Bank” байв. Тус банк нь JCB-ийн 200 мянган худалдааны түнштэй харилцаа холбоотой ажилладаг.
Өнөөдөр JCB –ийн кредитны карт нь Япон дахь төлбөр тооцооны хамгийн түгээмэл арга хэрэгслийн нэг болсон бөгөөд үүнд Олимпийн наадам чухал нөлөө үзүүлжээ. Энэ цаг мөчөөс хойш Токио 2020 оны Олимпийн болон Параолимпийн наадмын зохион байгуулах эрхийн авсан бөгөөд жилийн хугацаанд гадаадын жуулчид 10 саяар өснө гэсэн судалгаа гарчээ.
Японд жил ирэх тусам кредит карт эзэмшигчдийн тоо өсч байна. Үүнтэй холбоотой Токио болон бусад том хотуудад кредит картыг хэрэглээ өндөр байгаа бол алслагдсан бүс нутгийн худалдааны төв, буддийн зарим сүм хийдүүдэд өнөөг хүртэл карт ашиглах боломж хязгаарлагдмал байна. Мөн АТМ-ын тоо хязгаарлагдмал байгаа нь гадаадын жуулчдыг үргээх нэг шалтаг болдог гэнэ. Иймээс Japan Post Bank, Seven Bank, Citibank болон бусад банк нь гадаадын жуулчдад зориулан ATM сүлжээг бий болгож эхэлжээ.
БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: КОММЕРСАНТ