-Флорида муж 6.3 сая иргэнээ нүүлгэн шилжүүлэх захирамж гаргаад байна-
АНУ-ын Флорида мужийн өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо, ширүүн салхи ширүүсч байгаа энэ үед нэмж “Ирма” хэмээх сүйрэл дагуулах хар салхи ойртон ирж байна. Эогийн дагуу усны түвшин эрс нэмэгдсэн тул нам дор газар орших дүүргүүд усанд автах өндөр магадлалтай байна. Энэ үед орон нутгийн засаг захиргаанаас 6.3 сая иргэнээ нүүлгэн шилжүүлэх захирамж гаргажээ. Энэ бол Флорида мужийн нийт хүн амын ¼ гэсэн үг юм.
Бямба гарагийн орой мужийн амбан захирагч Рик Скотт нүүлгэн шилжүүлэх хугацаа эхэлснийг анхааруулсан байна. Энэ дагуу Флорида мужийн иргэд гэрээсээ гарч, хоргодох байранд ирж буй бөгөөд хол замд гарахыг хоригложээ. Учир нь эрсдэлтэй бүсээ гарахад хэдийнэ оройтсон гэнэ.
“Ирма” хар салхины хүч өнгөрсөн бямба гарагт таван баллын ангиллаас гуравдугаар түвшинд хүртэл буурсан. Гэсэн хэдий ч уг хар салхи Флоридад ирмэгцээ хүчээ нэмж, дээд ангилалд орох өндөр магадлалтай гэж цаг уурчид анхааруулсан байна. Одоогийн байдлаар салхины хурд 193 км/цаг байна.
Энэ хар салхи өмнө нь Кубыг дайран өнгөрч, их хэмжээний аадар бороо, хүчтэй салхи үлдээгээд явсан билээ. Тус улсын засаг захиргааны мэдээлснээр хар салхи эрэг орчмын суурин, амралтын газруудад их хэмжээний хохирол учруулж, арлын зарим дүүрэг цахилгаангүй болсон гэнэ. Хэвлэлүүдэд мэдээлснээр “Ирма” хар салхи Кубад 250 км/цагийн хурдтай байсан бөгөөд далайн давалгаа долоон метр болж өндөрссөн байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр хар салхины улмаас 24 хүн амиа алджээ.
“Ирма” хар салхи АНУ-ын эрэгт ням гарагийн үдээс хойш ирэх юм. Хар салхитай холбоотойгоор зүүн урд хэсгийн Флорида-Кис арлуудад багахан хэмжээний сүйрэл гарч, 76 мянга орчим хүн цахилгаангүй болжээ. Энд хар салхины гол аюул болох юм. Түүнчлэн Тампа, Сент-Питерсберг зэрэг хотуудыг дайрч өнгөрнө. Хар салхитай холбоотойгоор гэрээ орхиж, хоргодох байранд ирж буй хүмүүсийн тоо нэмэгдсэн бөгөөд зарим газарт хүн хэт дүүрсэн гэнэ.
https://www.youtube.com/watch?v=YnoxG8b7v44