Монгол Улсын Их Хурлын даргад М.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элч, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-о Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү айлчлалд Японы талаас М.Хаяаши тэргүүтэй 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм.
Ноён М.Хаяаши саяхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболдод уламжиллаа.
Уулзалтын үеэр хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн төвшинд хөгжиж, парламент хооронд болон улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл боловсрол гээд бүхий л хүрээнд өргөжин гүнзгийрч байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
Бэрхшээл, хүндрэл тохиолдсон үе бүрд Японы ард түмэн, Засгийн газар тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэнд монголчууд гүн талархалтай ханддаг бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард миний Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Стратегийн түншлэлийн харилцааны Дунд хугацааны хөтөлбөрт хоёр орны Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурж, манай улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, 850 сая ам долларын дэмжлэг үзүүлэхээр болсноо Японы Засгийн газрын тэргүүн Ш.Абэ илэрхийлсэн нь найрсаг харилцаа, нөхөрсөг хамтын ажиллагааны нэгэн илэрхийлэл юм гэж М.Энхболд онцоллоо.
Ноён М.Хаяаши бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж буй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудлаар Монгол Улс хамтран ажиллах, 2025 оны олон улсын ЭКСПО-г зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн Осака хотыг дэмжих саналыг УИХ-ын дарга М.Энхболдод хандан тавилаа.
-Зүүн хойд Азийн бүс нутгийн орны хувьд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудалд Монгол Улс ихээхэн санаа зовж байна. Энэ хурцадмал байдлыг намжаахад дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс онцгой анхаарч байна. Монгол Улсын хувьд асуудлыг яриа хэлэлцээ, харилцан ойлголцлын зарчмаар шийдээсэй гэж хүсдэг. Бидэнд “Улаанбаатарын уулзалт” хэмээх харилцан ойлголцлын механизмыг амжилттай хэрэгжүүлж байсан туршлага бий. Тиймээс энэ механизмыг цаашид үргэлжлүүлж, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. 2025 оны ЭКСПО-г зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн Осака хотыг дэмжих шийдвэрийг манай Засгийн газар гаргасан гэж УИХ-ын дарга М.Энхболд хэлэв.
2020 онд Японы нийслэл Токио хотноо болох Олимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдын бэлтгэлийг хангах, дасгал сургуулилалт хийхэд тус дэм үзүүлэх УИХ-ын дарга М.Энхболдын хүсэлтийг ноён М.Хаяаши хүлээн авч байгаагаа тэмдэглэлээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Японы Чиба мужийн төлөөлөгчид багтжээ. Тиймээс орон нутаг, аймаг, муж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэв.
Уулзалтын үеэр Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Кавамура, Т.Укишима, К.Акиба, Ё.Ито болон Чиба мужийн төлөөлөл өөрсдийн санал бодлоо илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.