Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл” төслийн хэрэгжүүлэгч Франц Улсын “СУЭЗ” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ралф, тус компанийн Монгол дахь төлөөлөгч, барилгын гүйцэтгэгч байгууллагын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр “СУЭЗ” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Р.Ралф хэлэхдээ, “Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг энэ онд бүрэн дуусгаж, ирэх онд үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлага бий. Тиймээс гүйцэтгэгч компани ажиллах хүчээ нэмэгдүүлэхгүй бол бид зорилгоо биелүүлж чадахгүй гэж дүгнэж байна” гэсэн юм.
Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 2013 онд эхэлсэн бөгөөд үүнд Франц улсаас 9 сая 535 мянган евро, Монгол Улсаас 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Өнөөдрийн байдлаар төслийн барилга угсралтын ажил 97 хувьтай байгаа бөгөөд зам, талбай, цахилгааны шугамын ажил үргэлжилж байна. Уг байгууламжийн барилга угсралтын ажлыг “Ар Дааган” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Байгууламж” ХХК ажиллаж байна. Харин гүйцэтгэгч “Ар дааган” ХХК-ийн Ерөнхий инженер ярихдаа “Ажиллах хүч цөөн байгаа нь санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж байгаа. Тиймээс бид хөрөнгө оруулалтыг бодитоор тогтоох үүднээс Барилгын хөгжлийн төвд магадлал хийлгэх хүсэлт гаргаад байна” гэлээ.
Гэрээ ёсоор Орхон аймаг энэ сарын 30-нд уг барилгыг ашиглалтад хүлээн авах ёстой. Иймд аймгийн Засаг дарга Д.Батлут гүйцэтгэгч компанийг ажлаа чанартай бөгөөд хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо. Энэхүү бүтээн байгуулалт нь 2030 он хүртэлх хотын бохирын асуудлыг бүрэн шийдвэрлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ