Прокурорын байгууллагаас өнөөдөр /2017.09.4./ анхаарал татсан томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Төмөр замын хэрэгт Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан Х.Баттулгыг холбоотой гэж яригдаж байсан. Ямар хамааралтай болох талаар “…Эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад “Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс” ХХК-г үүсгэн байгуулсан Ч.Ганбат нар нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдахаас өмнө Монгол Улсын хилээр гадагш гарсан бөгөөд П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар байхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан.
Ажлын хэсгээс хэргийн холбогдогч нарт шинээр мөрдөгдөж эхэлсэн хуульд нийцүүлэн яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаж үзээд Х.Баттулга нь Ч.Ганбат, Б.Батзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож Даланзадгад Чойбалсангийн чиглэлийн 1100 орчим километр төмөр замын суурь бүтэц барих төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар “МакКинсэй энд Компани” компанийг холбогдох хууль тогтоомж зөрчин сонгосон, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан
А.Гансүхтэй бүлэглэн Концессын хууль холбогдох бусад дүрэм журмыг зөрчин Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг хууль бусаар “Самсунг Си энд Ти” компанид шилжүүлсэн зэрэг үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнээд Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин дээрхи хэрэгт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг мөрдөгчийн саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчаар татан одоо мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэжээ.
Эх сурвалж: news1.mn