Германы Майны Франкфурт хотод дайны дараах үеэс хойших хамгийн том нүүлгэн шилжүүлэлт хийгдлээ. Учир нь тус хотод дэлхийн хоёрдугаар дайны үеийн Британийн, 1.5 тонн жинтэй бөмбөг олджээ. Уг бөмбөгийн Гете их сургуульд барилгын ажил хийж байх явцад олсон байна.
Нүүлгэн шилжүүлэлтийн хүрээнд 65 мянга орчим хүнийг шилжүүлнэ. Үүнд энгийн иргэдээс гадна хоёр эмнэлгийн өвчтөнүүд багтаж байна. Тухайлбал, 100 өвчтөнийг өөр эмнэлгүүдэд шилжүүлжээ.
Түүнчлэн өндөр настны асрамжийн 20 байр, дуурийн театр, Германы Төвбанк нүүлгэлтэд өртөж байна. Германы Төвбанк буюу Бундесбанкинд тус улсын алтны нөөцийн тал хувь нь хадгалагддаг.
Нүүлгэн шилжүүлэлтийг бөмбөгийг устгах ажиллагааны үеэр зарласан байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар устгалд нэг л буруу ажиллагаа явуулчихвал бүхэл бүтэн гудамж сүйрэх магадлалтай гэнэ.
Иргэдийг өглөө гэхэд гэрээсээ гарч, ажиллагаа дуустал ирэхгүй байхыг зөвлөжээ. Их нүүлгэн шилжүүлэлтийн дараа цагдаа нар нисдэг тэргээр эргүүлд гарах юм.
Үүнээс гадна иргэдийг бөмбөг устгах ажиллагааны үеэр тайван байлгахын тулд хотын захиргаанаас хэд хэдэн амрах газар гаргаж өгсөн байна. Түүнчлэн хотын олонх музей нь хүссэн хүн бүрт үнэгүй үйлчлэхээ амлажээ.
Агаарын тэсрээгүй бөмбөг илэрснээс болж тус улсад байнга нүүлгэн шилжүүлэлт хийгддэг. Тухайлбал, энэ сарын 2-нд л гэхэд Кобленцэд 22 мянган хүнийг түр нүүлгэжээ. Гэхдээ Франкфуртад болж буй үйл явдал нь тус улсын түүхэн дэх хамгийн том нүүлгэлт юм.