Сүүлийн жилүүдэд Монголбанкинд алт тушаалт ихээр нэмэгдэж байна.Энэ оны эхний найман сард 11.3 тн алт тушаагджээ.Мөн иргэд 2018 онд Монголбанкнаас алт худалдан авч, хадгаламжтай болох боломж нээгдэнэ. Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүү, зах зээлийн газрын харьяа Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа.
-Монголбанкны Эрдэнэсийн сан ямар үйл ажиллагаа явуулдаг тухай манай уншигчдад сонирхуулна уу?
-Монголбанкны Эрдэнэсийн сан нь “Эрдэнэсийн сангийн тухай” хууль болон “Төв банкны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Эрдэнэсийн санд хуримтлуулсан үнэт эрдэнэсийг хадгалах, худалдан авах, цэвэршүүлэх, байршуулах, үзэсгэлэн гаргах, үзмэр зохион байгуулах, эрдэнэсийн санг нэмэгдүүлэх, тэдгээрийг хамгаалах, сэлбэн тордох, сэргээн засварлах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Эрдэнэсийн сангийн зарим эд зүйлсээс үзмэрийн танхимуудад байршуулж, иргэд байгууллагуудад хосгүй эдлэлүүдийг танилцуулж, сурталчилдаг. Саяхан бид үзмэрүүдийнхээ тухай “Монгол Улсын Эрдэнэсийн сан” ном гаргасан. Мөн бид дурсгалын зоос гаргах ажлыг хийж байна.
-Дурсгалын зоосныхоо талаар тайлбарлана уу?
-Дурсгалын зоос гэдэг нь Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой, зэрэг онцгой чухал үйл явдлуудад зориулан гаргаж буй үнэт металлаар үйлдвэрлэгдсэн дурсгалын зоосыг хэлж байгаа юм. Монгобанкнаас захиалан хийлгэсэн дурсгалын зоосны ардаа заавал Монголбанкны нэр, бэлэгдэлтэй байдаг. 2017 оны хувьд Монголбанк санаачлан 9 төрлийн дурсгалын зоос гаргалаа. Жишээ нь: “Богд хаан”, “Мазаалай”, “Их жанжин Д.Сүхбаатар” гэх мэт.
-Үнэт эрдэнэс гэдэгт юу орох вэ?
-Эрдэнэсийн сангийн тухай хуулиар эрдэнэс, үнэт металл, үнэт чулуу гэж ангилж байгаа. Үнэт металлд алт, мөнгө, түүний бүлэгт багтдаг бусад металлууд багтдаг бөгөөд үнэт чулуунд доржпалам, бадмаараг, маргад эрдэнэ зэргийг хэлнэ. Одоо Монголбанкны Эрдэнэсийн санд НТӨ I мянганаас – XII зууны үеийн археологийн олдворууд, Монголын эзэнт гүрний үед холбогдох алт, мөнгөн зоос болон мөнгөн дэвсгэрт, XVII-XX зууны эхэн үеийн монголчуудын оюуны болоод эдийн соёлыг илэрхийлэх эд хэрэглэгдэхүүн, Монгол улсын хаан VIII Богд Жавзандамба хутагт болон Улсын эх дагина Дондогдуламын хэрэглэж байсан эд зүйлс, төрийн тамга, алтан өргөмжлөлүүд, Монгол Улсын төрийн дээд одон тэмдэг зэрэг Монгол Улсын хосгүй болон үнэт үзмэрүүд, мөн Монгол Улсын гүйлгээний түүхэн мөнгөн тэмдэгт, Монголбанкнаас эрхлэн гаргасан дурсгалын зооснууд хадгалагдаж байна.
-Хосгүй үнэт зүйлст юу хамрагдах вэ?
-Түүх, соёлын хосгүй үнэт, дурсгалт зүйлсүүд байдаг. Манай Эрдэнэсийн санд Богдын тамга, Жамухын бүс, бусад архелогийн олдворууд хадгалагдаж байна.
-Иргэд танайд үнэт зүйлээ яаж худалдах вэ?
-Хуулиараа хадгалуулж, худалдаж болно. Эрдэнэс эзэмшигчийн эрх, үүргийн тухай Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхой тусгагдсан.
-Танайх мөнгө төлөх үү?
-Эрдэнэсийн сангийн тухай хууль, Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу төлбөрийг Монголбанк хариуцана.
-Үнэт, хосгүй гэдгийг хэн тогтоох вэ, үнэ тохиролцох уу?
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох зөвлөлийн тодорхойлолт тухайн эд зүйл дээр гарсан байх ёстой. Мөн зөвлөлийн шийдвэр болон үнэт металлын сорьцын дүгнэлт байх шаардлагатай. Үнийг мөн хөрөнгийн үнэлгээний компаниуд тогтодог.
-Хосгүй үнэт зүйлсийг Монголбанк заавал худалдан авах ёстой юу?
-Эрдэнэсийн санд худалдан авах эд зүйлс нь нэн ховор, хосгүй үнэт, ур хийц сайтай байх шаардлагатай байдаг. Зарим иргэд мэдээлэл муутайгаас Монголын түүх, соёл, уламжлалт хосгүй эдлэлүүд үрэгдэж, гадаад руу гарах тохиолдолууд гардаг. Үнэхээр уран хийцтэй, хосгүй үнэт эд зүйлсийн Эрдэнэсийн сандаа хадгалан хой үедээ үзүүлэн таниулах нь чухал юм.
-Алт, зэсэнд ноогдуулсан 68 хувийн татвар алт тушаалтыг бууруулсан гэдэг. Өмнө нь тушаагдаж байсан их хэмжээний алт хилээр хууль бусаар гардаг гэсэн мэдээ байдаг.
-“Монгол Алт” аян наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. Гурван сарын хугацаанд хэрэгжинэ. Алт -2 Үндэсний хөтөлбөрийн хүрээнд алт олборлолтыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байгаа. Бид хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Улсын хилээр хууль бусаар нэвтүүлэх гэж байгаад хураагдсан алтыг цагдаагийнхан шалгаад, манайд ирүүлж хуулийн байгууллагын шийдвэр гарах хүртэл хадгалуулдаг. Хуулийн байгууллагын шийдвэр гарсны дараа улсын орлого болгон төлбөрийг төрийн санруу шилжүүлдэг журамтай. Монгол Алтны хүрээнд зөв мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх шаардлагатай байгаа гэж үзэж байна.
Монголбанк алтыг Лондонгийн биржийн үнээр авдаг
-Хууль бусаар хил гаргах гэсэн алт хэр их хураагддаг вэ?
-Эрдэнэсийн санд сүүлийн жилүүлдэд хураагдан ирсэн алт 50 гаруй кг байна Хилээр хууль бусаар алт гаргах явдал буурч байгаа ч, зогсоогүй байна гэж бид харж байгаа.
-Танайх алтыг ямар үнээр авдаг вэ?
-Зах зээлийн хамгийн өндөр үнэ буюу Лондонгийн үнэт металлын биржийн үнээр авч байгаа.
-Яагаад иргэд Монголбанкинд өндөр үнээр өгч болох алтыг хилээр нууж, гаргах эрсдэл хийгээд байна гэж та үзэж байна вэ?
-Хуулийн байгууллагуудын мэдээллээр бол иргэд гадагшаа арай илүү үнээр зарах сонирхолтой гэдэг. Нөгөө талдаа бидний таамгаар манайд байгаа ганцхан сорьцолдог байгууллагын хүчин чадал хүрэхгүй байна.Жишээлбэл алслагдсан хөдөө орон нутгаас багахан хэмжээний алт энд сорьцлуулах гэж ирэхээр зардал их гарна.Тиймээс газар дээрээ хувь хүн, албан байгууллагад хямд өгч байгаа байх.
-Ганцхан сорьцын байгууллагатай юм уу?
-Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар л сорьцлох эрхтэй. Энэ байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүй, очер дараалал их үүсдэг, энэ нь иргэд байгууллагад хүндрэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хийгдээгүй.
-Хүчин чадлыг өргөтгөж болохгүй юу?
-“Алт -2” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд өргөжүүлэх шийдвэр гарсан. Бид хамтарсан ажлын хэсэг байгуулан сорьцын лабораторийг шинээр байгуулах талаар ажил төлөвлөж байна.
-Заавал ганц улсын байгууллага дээр алтаа тушаах гэснээс хувийн хэвшилд шилжүүлж болохгүй юу?
-Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 15.2, Ашигт малтмалын тухай хуулийн 46.1 –д Сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьцлуулсан байхаар тусгагдсан байна. Сорьцын газрынхан хөдөө салбар нээх тухай ярьж байгаа ч төсөв мөнгөний асуудал байгаа байх. Харин хөдөө орон нутагт явуулын сорьцын лаборатори ажиллуулах боломжийн талаар судлаж байгаа юм байна лээ.
-Өмнө нь энэ байгууллага танай харьяа байсан гэсэн?
-1963 оноос Монголбанкны харьяа байж байгаад Сангийн яамны харьяанд, дараа нь Стандарт хэмжил зүйн газрын дэргэд ажиллах болсон. Мөн Монголбанк сорьцын лаборатори байгуулах талаар судалж байна.
-Хэрвээ боломжтой гэж үзэж байгаа бол эртхэн нээгээд ахиухан алт хурааж авч болохгүй юу?
-Бид асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Арваннэгдүгээр сар гэхэд ямар нэгэн чиглэл гарчих байх.
-Хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-Тийм. Сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьцлуулах гэдгийг хэрхэн өөрчлөлт оруулах боломжтой талаар манай ХЭЗГ-с зөвлөмж гарах байх.
Зарим иргэн 20-30 кг алт тушаадаг
-Монголбанк лондонгийн биржийн үнээр алт авч байна. “Монгол алт” аян хэрэгжиж байна. Үр дүн ямар байна вэ?
-Наймдугаар сарын 20-ны байдлаар 11.2 тн алт худалдаж авсан.Өнгөрсөн жил 18 тн алт авсан.Энэ жил 19-20 тн болно гэж бид тооцоолж байгаа.
-Хувь хүмүүс хэр их алт тушааж байна вэ?
-Нэлээд ихийг тушаадаг. Бид сүүлийн гурван жил хамтран ажилласан хувь иргэнд хамтран ажилласан тухай ”Гэрчлэх бичиг” олгож эхэлсэн. Одоогоор 80 гаруй компани, 200 гаруй иргэн алт тушааж байна. Тэд Монголбанк, эсвэл тухайн өдрийн үнээр Арилжааны банкуудад алтаа тушаадаг.
-Иргэд хаанаас алт олж тушаагаад байна вэ?
-Өөрсдийн олборлож буй алтыг тушаахаас гадна бусдаас худалдан авч Монголбанкинд тушаадаг. Монголбанкинд алтаа тушаахад бүрдүүлэх материалын хувьд иргэний үнэмлэх, сорьцын хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн байх ёстой.
-Нэг хүн хамгийн их нь хэр хэмжээний алт тушааж байна вэ?
-Сорьцын хяналтын газар өмнө нь хамгийн багадаа 200 гр алт сорьцолдог байсан. Хамгийн дээд тал нь арван кг-ыг сорьцолж байгаа байх. Сүүлийн үед 100 гр-ийн хэмжээтэй алт ирээд байгаа болохоор бид сорьцынхон арай илүү нарийвчлалтай болсон байна гэж ойлгож байна. Зарим иргэд арван кг-ийн 2-3 гулдмай алт тушаах тохиолдлууд ч байдаг.
Алтны хадгаламж хамгийн найдвартай хадгаламжид тооцогддог
-Иргэд ээмэг бөгжөө ломбарданд тавьж алдсанаас танайд зарсан нь илүү үнэ хүрэх нь ээ?
-Одоогоор хуулиар зөвхөн гулдмай хэлбэрээр тушаах заалттай.Өнөөг хүртэл иргэдээс манайд ээмэг бөгжөө зарах хүсэлт ирээгүй. Гэхдээ судлах л асуудал.
-Иргэн 100 гр алт цуглуулчихаад танайд яаж тушаах вэ?
-0,0-100,0 гр хүртэл жинтэй алтан гулдмайг шинжилэхэд 10000 төгрөг, түүнээс дээш граммтай алтан гулдмайг шинжлэх, сорьцын үр дүнг гаргахад 80000 төгрөг хүртэлх хөлсийг Үнэт металлын сорьцын хяналтын газарт төлдөг. Сорьцын үр дүнгийн бичиг, иргэний үнэмлэх, нэхэмжлэх, битүүмжлэгдсэн уутанд савлагдсан алтны хамт Монголбанкинд тушаана.
-Монголбанк их алттай болсноороо монголчуудын амьдралд ямар ашигтай юм бэ?
-Монголбанкны валютын нөөцийг алтаар нэмэгдүүлнэ гэдэг аль нэг валютаас хараат биш байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Алт өөрөө аль ч валютад хөрвөх чадвартай учраас найдвартай нөөц болдог. Нөөц баталгаатай байснаараа эдийн засгийн тогтвортой байдал, улмаар өсөлтийг дэмжих хөшүүрэг болж өгдөг. Дээр нь төгрөгийн ханш тогтвортой байснаараа иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэнэ. Нөгөө талдаа бид иргэдэд алт, мөнгийг худалдах ажлыг зохион байгуулдаг. Энэ бол Монголбанкинд өмнө нь хийгдэж байсан ажил юм.
-Хэзээ иргэд Монголбанкнаас алт худалдан авах боломжтой болох бол?
-2018 оноос хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зарим улс орнуудын Төвбанк алтны арилжааг хийж байгаа туршлагууд байгаа.
-Танайхаас алт худалдаж авах нь ямар ашигтай вэ?
-Хувиараа алт, мөнгөний дархан хийдэг иргэд ч албан ёсоор алт, мөнгө худалдаж аваад эд зүйлсийг урлан хийх боломжтой. Дээр нь иргэд хадгаламжаа валютаар биш алт, мөнгөөр хадгалах сонирхолтой байж болно. Энэ тохиолдолд Монголбанкнаас авсан алт, мөнгөөрөө хадгаламжтай болно. Алтны хадгаламж найдвартай хадгаламжид тооцогддог.
-Одоо алт мөнгөөр юм хийж зараад байгаа улсууд албан ёсных мөн үү?
-Уран дархчууд болон бусад иргэн байгууллагын худалдан авч буй алт мөнгөний эх үүсвэрийг баримтжуулахад төвөг учирдаг талаар хүмүүс ярьдаг. Судалгаагаар дээрх иргэд гаднаас сорьцгүй алт, мөнгө оруулж ирээд зах зээлийн бус үнээр худалдан борлуулж байна. Харин Монголбанкнаас худалдан авсан алт, мөнгөөр хийсэн эд зүйлсийг зах зээлийн үнээр албан ёсоор худалдан борлуулахаас гадна татвар болон бусад байгууллагатай төлбөр тооцоо хийхэд ч хялбар болох талтай.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк
Х.БАТТӨГС