Авто замын хөдөлгөөн, автомашин, түүний наймаа нь дэлхийн томоохон хотуудад толгойны өвчин болж байна. Авто замын хэрээс хэтэрсэн ачаалал нь өнөөдөр дэлхийн хэмжээнд шийдвэрлэх ёстой чухал асуудлын нэгд тооцогдох болжээ. Зарим хотууд энэ хүндрэлтэй дөнгөж тэмцэж эхэлж байгаа бол зарим нь асуудлаа бүрэн шийдсэн байгаа.
Навигацийн хавсралт программ болон газрын зураг бэлтгэдэг “TomTom” компани Европын хамгийн муу трафиктай хотуудын чансааг гаргажээ. Компани чансааг гаргахдаа хот бүрээс сүүлийн есөн жилийн мэдээллийг цуглуулан авчээ. Ингээд Европын хамгийн их авто замын түгжрэлтэй 13 хотыг танилцуулъя.
13. Италийн Неаполь хот: Кампания мужийн төв Неаполитаны буланд оршдог тус хотын жолооч нар хот дотор очих газартаа хүрэхийн тулд замд ердийнхөөс 33 хувь илүү цагийг зарцуулдаг байна. Тус хотын түгжрэл энэ удаа өмнөх чансаанаас хоёр хувиар нэмэгдсэн аж. Италийн Ром, Милан хотын дараа гуравт ордог, өмнөд Италийн Неаполь сая орчим хүн амтай, дагуул хотуудын хүн амыг нэмээд гурван сая хүрнэ. Тус хот далайн боомт, олон улсын нисэх буудал бүхий тээврийн томоохон зангилаа болдог.
12. Германы Кёльн хот: Немецийн Кёльн хотын түгжрэл 34 хувьтай гарчээ. 2015 онд энэ үзүүлэлт 30 хувьтай байсан аж. Замын ачаалал нь улам ихэссэн Кёльн хүн амын тоогоор улсдаа дөрөвт, газар нутгийн хэмжээгээр гуравт ордог томоохон хот бөгөөд эдийн засаг, соёлын томоохон төв, саятан хот юм.
11. Польшийн Варшав хот: Энэ жил Польшийн нийслэл Варшавын индекс 37 хувь болсон байна. Энэ нь 2015 оныхоос нэг пунктаар багассан үзүүлэлт юм. Худалдааны замын дамжин өнгөрөх цэг болж өгдөг энэ хотын хүн ам нэмэгдсэн нь Европын шилжин суурьшилттай холбоотой аж.
10. Грекийн Афина хот: Афина Варшавтай ижил 37 хувийн индекс авчээ. Польшийн нийслэлтэй харьцуулахад энд трафикийн үзүүлэлт 2015 оныхоос хүндэрчээ. Хотын агломерацийн нийт хүн ам Грекийн хүн амын 1/3 хувьтай тэнцдэг байна. Энэ нь тус хотод 3 090 508 хүн амьдардаг гэсэн үг юм.
9. Их Британийн Манчестер хот: Манчестер хотын индекс 38 хувьд хүрч өмнөх чансаанаас нэг пунктаар давжээ. Английн баруун хойд хэсэг буюу Том Манчестерын гэх гүнтний хошуунд байрладаг, хагас сая хүнтэй энэ хот Их Британийн ес дэх том хотод тооцогддог. Тус орны тээврийн ба арилжаа, аж үйлдвэр худалдаа, соёлын төв юм. Машины үйлдвэр, нэхмэл, хими, хөнгөн ба цаасны үйлдвэр өндөр хөгжсөн.
8. Бельгийн Брюссель хот: Франц ба фламандбн хамтын нийгэмлэгүүдийн төвүүд, Европын холбооны төв байр, НАТО-гийн төв байр, Бенилюсийн орнуудын нарийн бичгийн даргын газар байрладаг. Брюссель 2015 оныхоос гурван пунктаар илүү буюу 38 хувийг авлаа.
7.Францын Парис хот: Парис мөн л 38 хувийг авсан нь 2015 оны үзүүлэлтээр хоёр пунктаар илүү гарчээ. Европын холбооны тав дахь том хот Парист 10.5 сая хүн амьдарч байна. Францын улс төр, эдийн засаг, соёлын гол төв болсон энэ хот дэлхийн санхүүгийн нэг төв, даяарчлагдсан хот юм. ЮНЕСКО ба бусад олон улсын төв байрладаг. Бусад том хотуудын адил хүрээлэн буй орчин нь олон сая хүний амьдралын хүчин зүйлд дарлагдаж байдаг.
6.Италийн Ром хот: Италиас гадуур замын түгжрэл ихтэй гэдгээрээ алдартай Ром хот трафикийг 40 хувийн үнэлгээ авсан бөгөөд энэ нь 2015 оныхоос хоёр пунктаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Дэлхийн хамгийн эртний хотуудын нэг Ромд авто замын тойргийн сүлжээний төвд байрладаг бөгөөд энэ нь Эртний Ромын зэнт улстай холбогдож байсан замын сүлжээг давттсан байдаг. Хот автобусын 350 маршрут 8000 зогсоол, трамвайн 39 км зам болон 192 буудал бий.
5.Францын Марсель хот: Марсель хот Ромтой ижил түгжрэл нь 40 хувьд хүрсэн гэсэн үнэлгээ авсан. Энэ нь 2015 оныхоос хоёр пунктаар ихэссэн гэсэн үг юм. Марсель хот ба коммуна нь Францын зүүн өмнөд Прованс- Альп-Номин эрэг бүсийн төв бөгөөд Францын болон газар дундын тэнгисийн хамгийн том боомт бөгөөд Францдаа хамгийн их замын түгжрэлтэй хотод тооцогддог.
4. Их Британийн Лондон хот: Лондон замын түгжрэлийн асуудлыг шийдэхийг оролдон замын түгжрэл гаргасан жолоочид торгуулын систем тогтоогоод байгаа. Гэсэн хэдий ч трафикийн байдал нь өмнөхийн адил хүндрэлтэй байна. Энэ онд Лондоны индекс 40 хувь болсон нь 2015 оныхоос хоёр хувийн пунктаар нэмэгджээ. Хотын хүн ам нь 8.6 сая бөгөөд Европын гурав дахь том хот юм.
3. Оросын Санкт-Петербург хот: Санкт-Петербург 41 хувийн индекс авсан нь 2015 оныхоос нэг пунктаар нэмэгджээ. Оросын эдийн засаг, соёл, шинжлэх ухааны чухал төв бөгөөд тээврийн томоохон зангилаа энэ хот автомашины ачааллыг бууруулахын тулд Санкт-Петербургийн гадуур транзитийн тээврийн хэрэгсэлд зориулсан Санкт-Петербургийн (КАД) их тойруу замыг бий болгожээ. Хотын бусад районуудтай холбох үндсэн зам Приморское шоссе, Выборгское шоссе, Приозерское шоссе, Санкт-Петербург — Морье, Мурманское шоссе, Петрозаводское шоссе, Московское шоссе, Пулковское шоссе — Киевское шоссе, Таллинское шоссе, Петергофское шоссе юм.
2. Оросын Москва хот: Москвагийн индекс 2015 оны төвшиндоо 44 хувьтай байна. Замын ачаалал хүнд ч “TomTom” машины зогсоолоор нь Москвад шагналаа олгожээ. Уг компанийн сайтад Москвагийн жолооч нар шинэ “ухаалаг” тээврийн хэрэгслийн системтэй болсон ба тэнд машины зогсоолууд болон машин тавилтын үнийг зохицуулан тогтоосон гэж тэмдэглэсэн байна. Эдгээр өөрчлөлт нь машины зогсоол хайх эрлийг 65 хувиар бууруулсан гэж чансааг зохиогчид үнэлэв.
1.Румыны Бухарест хот: Бухарест Европын хамгийн муу трафиктай хот гэж судалгааг явуулсан мэргэжилтнүүд үзлээ. Хотын индекс нь 50 хувь болсон нь 2015 оныхоос 7 хувийн пунктаар нэмэгдсэн байна. Бухарест нь Румыны нийслэл бөгөөд тус орны эдийн засаг, соёлын чухал төв. Бухарест ба түүний дагуул хотуудад 1,8 сая гаруй хүн амьдардаг. Балканы хойгийн хүн амын хамгийн их нягтралтай хот юм.
Бэлтгэсэн М.ЭРДЭС