Москва дахь Монголын Засгийн газрын мэдлийн байранд казино ажиллуулж байсан гэсэн мэдээлэл өчигдөр цацагдсан. Үүнтэй холбогдуулж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Төрийн нарийн бичгийн дарга “Казино ажиллуулж байсан гэх барилга нь 1965 оны есдүгээр сард ашиглалтад орсон. 40 гаруй жилийн турш ЭСЯ-ны ажилтны орон сууц, Худалдааны төлөөлөгчийн газрын зориулалтаар ашигласан ирсэн. Энэ хугацаанд их засвар хийгээгүй учраас барилгын чанар муудаж, ашиглах боломжгүй болж байгааг Москвагийн мэргэжлийн байгууллагууд удаа дараа анхааруулж байсан.
Тийм учраас манай Төрийн өмчийн хороо 2007 онд ОХУ-ын “Центр-Регион Эстейт” компанитай Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар байранд их засвар хийж, төлбөрт нь байрыг тодорхой хугацаагаар түрээслүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 1791.35 кв.м талбай бүхий барилгыг 10 жилийн хугацаатай “Центр-Регион Эстейт” компанид түрээслүүлсэн. Гэрээ энэ оны 9 дүгээр сарын 15-нд дуусах байсан юм байна.
Үүнтэй холбоотой гомдлыг ОХУ-ын Гадаад хэргийн яам, Дипломат байгууллагын үйлчилгээг удирдах байгууллага манай талд албан ёсоор нотоор мэдэгдэх ёстой. Одоогоор ОХУ-ын хууль хяналтын байгууллагаас албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй байна. Хэрэв “Центр регион эстэйт” компани 2007 оны гэрээг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол манай талаас гэрээг даруй цуцлах арга хэмжээ авна” гэв.
Өчигдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Элчин сайд Б.Дэлгэрмаа нарт энэ мэдээлэл үнэн эсэхийг тодруулах үүрэг өгчээ. Элчин сайд Б.Дэлгэрмааг уг барилгад очиход барилгыг хууль, хяналтын байгууллага битүүмжилсэн шинжгүй, хаалга үүд нь хаалттай байжээ. Түрээслэгч “Центр-Регион Эстейт” компанийнхан Элчин сайдад “Бид мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулаагүй. Ташаа мэдээлэл байна” гэсэн хариу өгчээ. ОХУ-ын нийслэл Москвад Монгол Улсын өмч болох гурван объект байдаг юм байна.