Калифорни, Нью-Йорк, Техас мужууд дэлхийн ямар ч оронд байхгүй олон тэрбумтнуудтай аж. Forbes сэтгүүл мужуудын тэрбумтний жагсаалтыг гаргасан байна. Энэ сэтгүүл гуравдугаар сард дэлхийн тэрбумтнуудыг жагсаахад чансааг АНУ толгойлсон юм. Америкийн тэрбумтнуудын тоо 565 болсон байлаа.
Энэ удаа сэтгүүлийн редакци тэднийг аль аль мужид амьдардгийг үзүүлэв. Мужийн тэргүүн баянаар 52 хүн шалгарсан байна. Мужууд яагаад 52 тэрбумтантай байгаа юм бэ гэвэл хоёр ч мужид эхний байрыг тус бүр хоёр хүн хуваалцжээ.
Forbes сэтгүүлд өгүүлснээр, тэрбумтануудын олонх нь Калифорни, Нью-Йорк, Техас мужуудад амьдарч байна. АНУ-д ганц ч тэрбумтан байхгүй долоон муж байгаа нь Алабама, Аляска, Делавэр, Миссисипи, Нью-Мехико, Хойд Дакота, Вермонт юм. Өнгөрсөн онд нэг ч тэрбумтангүй муж зургаа байсан. Магнат Лесли Лэмптон чансаанаас хасагдсанаар Миссисипи муж тэрбумтангүй болжээ.
Вашингтоны хамгийн баян хүнээр уламжлал ёсоор “Microsoft”-ын Билл Гейтс нэрлэгдсэн ба хөрөнгө нь $88.9 тэрбумаар үнэлэгджээ. Түүний найз “Berkshire Hathaway” компанийн эзэн Уоррен Баффет ($76.2 тэрбум) Небраска мужийн тэргүүн баян юм.
Калифорни мужийн хамгийн баян нь Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг ($62.4 тэрбум) байгаа бол Нью-Йоркт хотын дарга асан Bloomberg агентлагийн эзэн Майкл Блумберг хамгийн баян хүн гэнэ .
Канзас мужид CEO компанийг хамтран эзэмшигч бөгөөд Koch Industries компанийн захиргааны дарга Чарльз Кох ($47.5 тэрбум) амьдарч байгаа бол түүний хүү, Sam’s Club ба Wal-Mart дэлгүүрүүдийн сүлжээний эзэн Жим Уолтон ($38.5 тэрбум) Арканзас мужид суурьшжээ.
Түүний эгч Элис Уолтон ($38.2 тэрбум) Техас мужид амьдардаг, мужийнхаа хамгийн баян хүнд тооцогддог. Бүгд найрамдах намын гол ивээн тэтгэгчдийн нэг «Las Vegas Sands» корпорацийн эзэн Шелдон Адельсон ($35.6 тэрбум) Невада мужид амьдардаг.
Виржиниа нь Америкийн чихэр боовны Mars компанийг үндэслэгч Жаклин Марсын ($27.6 тэрбум) төрөлх муж юм. Харин хатагтай Жаклины ах Жон Марс ($27.6 тэрбум) Вайоминг мужид амьдардаг. Орегон мужийн хамгийн баян хүн нь Nike компанийг үндэслэгч нарын нэг Фил Найт ($25.1 тэрбум) юм.