Учир битүүлгээр амиа алдсан 13 настай охины хэргийг шалгаж байна

Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан хэрэг энэ сарын 23-нд гарчээ. Талийгаач А нь ил харагдах гэмтэл шархгүй байсан бөгөөд хэрэгт холбогдох 19-20 насны гурван этгээдийг цагдаа нар шалгаж байгаа юм байна. Тэднийг хэрэг болсон газар байсныг гэрч болон бусад нотлох баримтаар тогтоожээ.
Зарим хэвлэлээр хохирогч А-гийн утасыг хэсэг бүлэг этгээдүүд авч зугтсанаас болж зодуулан хүнд гэмтэл авсан хэмээж буй. Тэгвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн урьдчилсан байдлаар талийгаачийг биедээ хүнд гэмтэл шарх авч амь насаа алдаагүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Түүнийг үхэлд хүргэсэн шалтгааныг тодруулахаар нарийвчилсан шинжилгээнүүдийг хийж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.