Израилийн телевизийн 10 дугаар сувгаас Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн гэргий Сара Нетаньяхугийн сенсаацитай мэдээллийг дэлгэлээ. Тус сувгийн мэдээлснээр Засгийн газрын хууль зүйн зөвлөх Авихай Мандельблитт ойрын өдрүүдэд Сараг шүүхэд өгөх эсэхээ шийдвэрлэх ёстой гэжээ.
Сарагийн хийсэн гол гэмт хэрэг нь төрийн мөнгийг үрэн таран хийсэн явдал аж. Тэрбээр Иерусалимын махны ресторанд 10 захиалга хийсэн нь нийт 11 мянга гаруй шекель болжээ. Тус сувгийнхан эдгээр захиалгын тооцооны хуудсыг хүртэл үзүүлсэн байна. Түүнчлэн Нетаньяхугийн гэр бүлийнхэн хямд, энгийн хоол хэрэглэдэг гэж олон нийтийн төөрөгдүүлдэг хэрнээ шилдэг тогоочдын хоол захиалдаг гэжээ.
Нетаньяхугийн гэр бүл ч энэхүү сурвалжилгын дараа мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлдээ “Хэвлэлийн шүүмжүүд өдөр бүр огцом хурдтай өөрчлөгдөж байгааг хараад гайхаж байна. Дөнгөж уржигдархан л энэ нь аяга цай барьсан үйлчлэгч хөгшин байсан шүү дээ” хэмээжээ. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху ч Израилийн хэвлэлийг “худал мэдээллийн үйлдвэр” болсон хэмээгээд хэвлэлд “сэтгэл гутралын аж үйлдвэр” гэдэг нэр яг зохино гэжээ.
Э.ЗАЯА