-Гол шалтгаан нь иргэдийн аюулгүй байдалтай холбоотой гэнэ-
Евро комиссоос алан хядах аюул заналхийлэлтэй тэмцэх зорилгын хүрээнд Европын холбоо дотроо хилийн байнгын шалган нэвтрүүлэх ажиллуулж магадгүй болжээ. Энэ талаар Европын холбооны Дотоод хэрэг, цагаачлалын асуудал эрхэлсэн комиссар Димитрис Аврамопулос “Passauer Neue Presse” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Европчуудын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Евро комисст байдаг бид шинэ нөхцөлд байдалд өнөөгийн дүрэм журмаа өөрчлөх үү гэсэн асуудалд санал уралдуулж байна” хэмээжээ.
Аврампулосын хэлснээр аюулгүй байдлын үүднээс авч буй шалгалт нь 2015-2016 оны цагаачлалын хямралтай холбоотой шалгалтаас ялгаатай гэнэ. Түүнчлэн тэрбээр Европын холбооны орнуудын Дотоод хэргийн яамдтай байнгын холбоотой ажиллаж, шинэ саналыг нээлттэй хэлэлцэж байгаа гэжээ. Европын холбооны гишүүн зарим орны хил дээр 2015 оны есдүгээр сард буюу цагаачлалын ид хямралын үеэр шалгалт хийдэг болсон юм.
Одоогийн байдлаар зөвхөн тусгай зөвшөөрлийн хүрээнд хилийн хяналт шалгалтыг хийж байна. Учир нь Шенгений бүсэд системтэй шалгалт явуулахыг хориглодог аж. Харин саяхнаас Герман, Австри улс хил дээр хяналт шалгалтын ажлын хугацаагаа сунгах санал гаргажээ.
Э.ЗАЯА