Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах “UB Food Festival” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 2-3-нд “Гэрэлт гудамж”-нд болно хэмээн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Тав дахь жилдээ болох “UB food festival” нь гадны улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэх юм байна.
Гэрэлт гудамжинд үйл ажиллагаа явуулж буй хоолны газрууд олон төрлийн хоолыг шинээр бэлтгэн хоолны цэсээ шинэчлэн дээрх фестивальд оролцох аж. Мөн үеэр олон үндэстний хоолны соёлыг сурталчлах бөгөөд аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, улс үндэстний төрөл бүрийн хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэй бэлтгэн, хямд үнээр иргэдэд үйлчлэх юм байна.
Арга хэмжээний хүрээнд олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгж, шилдэг оролцогч, шилдэг тогооч шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах аж. Мөн хүрэлцэн ирсэн иргэдийн дунд “Хэн олон хотдог, бургер идэх вэ?” зэрэг тэмцээн, уралдаан, урлаг, соёлын үзүүлбэрүүдийг зохион байгуулна хэмээн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдэгдэв.