УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.
–УИХ дахь АН-ын бүлэг засгийн газрыг огцруулах эсэх асуудлаархи байр сууриа МАН-ын бүлгийн хуралдамны шийдвэрийг харж байж нэгтгэх чигтэй байна уу?
-УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо /өчигдөр/ хуралдаж байна. Энэ хурлын дараа манай бүлэг хуралдаж, байр сууриа тодорхой болгох ёстой. Бид энэ дагуу бүлгийнхээ хурлын товыг хүлээж байна.
-Сошиалаар танай бүлгийг засагт хамтрахаар яригдсан гэх цаасан материал явж байна. Ер нь засагт хамтрах эсэх асуудлаар та хувь гишүүнийхээ зүгээс ямар байр суурь илэрхийлэх бэ?
-АН-ын бүлэг МАН-тай хамтрах, албан тушаал хуваах, засагт орох ямар ч яриа хэлэлцээр хийгээгүй. Хийх ёсгүй гэж харж байгаа. Яагаад гэхээр, АН парламентад 9 суудалтай. Энэ дөрвөн жилд АН-ыг сөрөг хүчин хий, хяналтын чиг үүргийг гүйцэтгэ гэж сонгогчид мандат өгсөн байгаа. Бид энэ мандатаа, уг үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой гэж харж байгаа.
–Гэхдээ гишүүн ээ, хэдэн яам аваад, тодорхой эрх мэдэл дээр очвол АН-д илүү бодит өгөөжтэй, ашигтай биш гэж үү?
-Ийм зүйлийн тухай бодож, сэхээрэхгүй байна. Улс төрд ашгийн төлөө биш, Үндэсний эрх ашгийн төлөө ажиллах учиртай. Богино зайн ашгийн төлөө биш, алсын хараатай байж, улс эх орны ашгийн төлөө шийдвэр гаргах ёстой. Ийм ойрын зайн сонирхол АН-д байхгүй.
-АН-ын бүлгийн зүгээс өмнө нь хүүхдийн мөнгийг суулгах замаар төсвийн тодотголоо ээлжит бус чуулганаар хийх шаардлагыг хүргүүлж байсан. Гэтэл ээлжит бус чуулган зөвхөн МАН-ын дотоод асуудлыг шийдэх зорилгоор зохион байгуулагдах нь?
-Ээлжит бус чуулган зарлах зайлшгүй шаарлагатай байгаа. Нэгдүгээрт, өвөлжилтийн бэлтгэл болон сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажлын асуудлаар. Хоёрдугаарт, төсвийн хууулийн зөрчлийг арилгах асуудлын хүрээнд хүүхдийн мөнгийг олгох чиглэлд бид засгийн газарт шаардлага хүргүүлсэн байгаа. Мөн МАН-ын 30 гаруй гишүүд засгийн газрыг огцруулах асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагаа хүргүүлсэн байна. Ээлжит бус чуулган хуралдах нь тодорхой боллоо гэж бид харж байгаа.
-Танай бүлгийн зүгээс ард иргэдийн өрийн дарамтыг хөнгөлөх чиглэлд хуулийн төсөл боловсруулж байгаа. Яг ямар гарц шийдлийг ярилцаж байгаа бол?
-Өр тэглэх тухай ямар ч амлалтыг хэн ч өгөөгүй. Харин иргэдийнхээ өрийн дарамтыг бууруулах, хөнгөлөх асуудлыг бид ярьж, судлаж байгаа. Үүнийг эрх баригч нам мушгин гуйвуулж, өр тэглэх тухай яриа болгон хувиргаж байгаа. Хувийн зүгээс би маш их гайхаж байна. Бид зөвхөн өрийн дарамтыг хөнгөлөх асуудал ярьж байгаа. Өр зээлийн ачааллыг багасгах тухай асуудал ярьж байгаа. Үүүнийг зөвөөр ойлгоосой билээ гэж хүсч байна. Өрийн дарамтыг бууруулах, иргэдийн нуруун дэр байгаа дарамтыг багасгах чиглэлд АН-ын бүлэг, Монгол Улсын ерөнхийлөгчтэй хамтраад, хуулийн төсөл боловсруулж байгаа. Монгол Улс стратегийн 17 том ордтой. Оюутолгой, Тавантолгой, Дачин тамсаг, Хөшөөт, Цагаан суварга гээд олон баялаг ордууд байна. Газрын хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд байхаар Үндсэн хуульд тодорхой заагаад өгчихсөн. Монголын баялагийн эзэд нь ард түмэн юм. Гэтэл ард түмэн нь ядуурч, Монголын баялгийг лиценз нэрээр зэмшиж байгаа хэдхэн гэр бүл баяжиж, тансаглаж байгааг АН буруу гэж үзэж байгаа. Баялгийн хувиарлалт тэгш бус байна. Үүнийг шударга, зарчимтай хувиарлалт хийх замаар иргэддээ тодорхой боломж үүсгэхээр бид ажиллаж байна.
Эх сурвалж: Ж.МЯДАГБАДАМ